Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.01.11) хуралдаан 11 цаг 07 минутад ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын гурван гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Эхлээд “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Танилцуулгадаа “Стратегийг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажилласан. Ажлын үр дүнд хүү тасралтгүй буурч, тодорхой түвшинд хүрээд байна. 2021 оны эцсийн байдлаар зээлийн дундаж хүү стратеги батлагдсан үетэй харьцуулахад 2.5 нэгж хувиар, өнгөрсөн оныхоо мөн үетэй харьцуулахад 1.3 нэгж хувиар тус тус буурч, өнөөдрийн байдлаар жилийн 14.5 хувьд хүрлээ. Стратеги хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу 2023 оны эцэст сарын 1 хувь буюу жилийн 12 хувьд хүрэх зорилт бий. Энэ бол дундаж хүү. Хэрвээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бусад хөтөлбөрийн зээлийн хүүг үүнд оруулж тооцвол дундаж хүү 13.8 хувь буюу сарын 1.15 хувьд хүрч буураад байна” гэв. Тэрбээр мөн стратеги төлөвлөгөөнд туссан зарим арга хэмжээний биелэлтийг танилцуулсан.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нарын гурван гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа.
Танилцуулгадаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нутгийн захиргааны байгууллагын ус хангамж, ариутгах татуургын талаарх хууль зүйн зарим зохицуулалт тодорхой болж, хуулийн хэрэгжилт хангагдахыг онцлов. Мөн ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулан хүн амыг стандартын шаардлага хангасан баталгаат унд, ахуйн усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариун цэврийн байгууламжаар хангагдах нөхцөлийг дээшлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэр ус савлаж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах нэгдсэн зохицуулалттай болох, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын болон үйлдвэрийн хэрэглээнээс гарсан олон нийтэд халдварт өвчин тараах аюултай хаягдал бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэхээс өмнөх урдчилан цэвэрлэх байгууламжийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад хариуцуулдаг болох зохицуулт оруулсныг тэмдэглэв.
Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, М.Оюунчимэг, Ц.Цэрэнпунцаг, Ж.Ганбаатар нар асуулт, асууж хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн энэ хуульд өөрчлөлт оруулахдаа тусгай зөвшөөрлийн тоог нэмэх болон төрийн байгууллага эрх мэдлээ нэмэгдүүлж буй зохицуулалт бий юу. Мөн бизнес эрхэлж байгаа болон бусад аж ахуйн нэгж, байгууллагын зардал өсгөх зохицуулалт оруулсан уу гэдгийг тодруулж, хариулт авлаа. Ингээд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.