Цэс

Холбоо барих

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хэрэгжилттэй УИХ-ын дарга Г.Занданшатар танилцлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов.

Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурал баталсан бөгөөд яг нэг жил өнгөрч байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш 2 жил өнгөрч байгаа юм.

Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.


Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна.

Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210.0 мянган иргэнд тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ. Түүнчлэн тус компани Овоот хярын ордын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр эзэмшиж, хайгуул хийснээр алтны нөөцийг 53.1 тонноор нэмэгдүүлсэн байна. 

Тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас 5 жилийн хугацаатай, 725.0 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.

Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна. Хуулийн хэрэгжилтийг 2020 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.           

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл