Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.14/ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн, Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, уулзалтын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхан, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзалт хийсэн болохоо дуулгав. Тэрээр, Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай буйгаа илэрхийлэхийн сацуу энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ. 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлэхдээ “Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд тантай анх удаа уулзаж, танилцаж буйд баяртай байна. Таны Монгол Улсад хийж буй айлчлал, мөн АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа нь Монгол, Сингапур хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Сингапур Улс бол АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй байр суурь эзэлдэг. Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улстай харилцан ашигтай, хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Энэ хүрээнд эрдэс баялаг, эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, боловсрол, мэдээллийн технологи, банк санхүү зэрэг салбаруудад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах нөөц, боломж их байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Ардын Нам олонхийн суудал авсан энэ үед засгийн эрх нэг намаас нөгөө намд шилжиж байгаа хэдий ч гадаад харилцааны бодлогын залгамж чанар, мөн хоёр орны найрсаг харилцааг цаашид бэхжүүлэхэд монголын төр, засаг тууштай анхаарч ажиллах болно” гэлээ.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн “Таны хэлсэнчлэн манай хоёр улс олон чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий. Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэр эрчим хүчний салбарт хамтарч ажиллах мөн хоёр улсын иргэд 30 хоног хүртэлх хугацаанд харилцан визгүй зорчих талаар ярилцлаа. Ойрын хугацаанд шийдэгдэнэ хэмээн найдаж байна. Түүнчлэн энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн төлөөлөгчид цаашид хоёр орны бизнесийн байгууллагуудын хамтран ажиллах, боломж, нөхцөлийг судлах юм" гэв. 

Улсын Их Хулын дарга М.Энхболд, Монгол Улс Сингапур Улстай уул уурхай салбарт хамтран ажиллахад бэлэн байгаа төдийгүй аялал жуулчлал, боловсрол зэрэг бусад салбарын харилцаагаа өргөжүүлэх боломж байгаа гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл