УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандаж албан тоот илгээв

  2018-01-12 18:28  484

 

УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэддээ хандан үндэсний цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих уриалга гаргасан билээ.  

Өнөөдөр (2018.01.12) уг уриалгад дэвшүүлсэн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарт хүсэлт хүргүүлж, албан тоот илгээлээ.


Уг албан тоотод Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын дарга, төрд түмнээ төлөөлж буй түшээгийн хувьд монгол хүний хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний уламжлалт сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх нь нэн чухал болоод байгааг эш болгон уриалга гаргаснаа мэдэгдэж, энэхүү санаачилгыг дэмжин үндэсний уламжлалт цагаан идээг тогтмол хэрэглэж хэвшихийг байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдэд хандан уриалж, зарлиг гаргаж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн байна.


Түүнчлэн үйлдвэрлэлийн чанар, стандартыг хангуулах, статистик мэдээлэл, хүний нөөц, тээвэр, ложистик, мэдээллийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрөл, инноваци, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авах саналыг Засгийн газрын тэргүүнд хандан тавьжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-01-12 18:28  484