УИХ-ын тогтоолыг баталж, Донорын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

  2018-01-12 18:14  259

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.01.12/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

Тогтоолын төсөлд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан уг хуульд заасан дүрэм, журам, заавар, аргачлалыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор батлах, хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангахыг Монголбанкинд даалгасан зохицуулалтыг тусгажээ.


Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг үндэслэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асуусан. Тэрбээр, баяр ёслол дөхөөд ирэхээр валютын ханшийг зохиомлоор өсгөдөг гээд валютын ханшийг буулгах боломж бий эсэхийг тодруулсан.


Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Манай улсын валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн онд төлбөрийн болоод худалдааны тэнцэл ашигтай гарсан гэлээ. Тэрбээр, цаашид монгол төгрөг ханшаа алдаж сулрахгүй, эдийн засгийн суурь үзүүлэлтээс харвал чангарна гэж үзэж байгаа гээд Монголбанк энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна хэмээн хариулав.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Төв банкны тухай хууль баталсантай холбогдуулан гаргах дүрэм, журам, зааврыг хуульд нийцүүлэн гаргаж ажиллахыг захьсан.

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин тогтоолыг баталлаа.

Донорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсан.

Тэрбээр дээрх хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ хууль батлагдсанаар гадаадын улс оронд эрхтэн шилжүүлэн суулгуулах хүний тоо цөөрөх эсэх, монголдоо хийлгэвэл эдийн засаг, санхүүгийн хувьд давуу талтай байх тухай, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг хэрхэн байгуулах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэс заслын дараахи асаргаа, сувилгаа, хяналтыг хэрхэн хийж байгаа, гадаад улсад эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийг эмчийн хяналтад бүрэн авч байгаа эсэх талаар, УИХ-ын гишүүн С.Чинзориг хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүн гэдэгт хамтран амьдрагч хамаарах эсэх, тээгч эхтэй холбоотой асуудлыг Донорын хуулиар биш нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй эсэх талаар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Оюундарь, Б.Ундармаа, Х.Баделхан, Н.Амарзаяа нар асууж тодруулсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан нар донорын эд эрхтний наймаа бий болох сөрөг гарах явдлыг хуулиар хэрхэн хаасан, ер нь донор болж эд, эрхтнийг авахад ямар нэг үнэ хөлс төлөх эсэхийг лавлаж байсан.

Ажлын хэсгээс хариулснаар, элэг, бөөр зэрэг эд эрхтнээ өгч буй амьд донорууд хүлээн авч буй өвчтөний ах дүү, эцэг эх, ойрын хамаатан саднууд байдаг аж. Харин амьгүй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах тохиолдолд энэ үйл ажиллагааг Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах алба зохион байгуулах аж. Тус алба эс, эд, эрхтэнг бүртгэх, хуваарилах, нийлүүлэх, тээвэрлэх, хадгалах, хянах үүргийг гүйцэтгэх бөгөөд хэн гэдэг амьгүй донороос ямар хүнд эрхтэн шилжүүлэн суулгасан тухай мэдээлэл нууц байх юм байна. Тиймээс үнэ хөлс авах, эд, эрхтэн наймаалах зүйл гарахгүй гэлээ.

Дараа нь Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-01-12 18:14  259