Цэс

Холбоо барих

Г.Занданшатар: Дэлхий нийтээрээ хувьсан өөрчлөгдөж буй хөгжлийн явцыг угтаж тооцоолон Боловсролын багц хуулийн төслөө боловсруулах нь зүйтэй

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.26) Боловсролын багц хуулийн төслийн боловсруулалтын явц, байдлын талаарх хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ.


    Хэлэлцүүлгийн нээлтэд хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга боловсролын чанар урт хугацааны үр дүнгээр хэмжигдэж гардаг учир багц хуулийн төслийг магадгүй ирэх хаврын чуулган хүртэл нэлээд удаан хугацаанд нухацтай хэлэлцэж байж, батлахаар төлөвлөн, томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Багц төсөлд Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Судалгааны их сургуулийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл гэсэн зургаан хуулийн төсөл хамаарна гээд эдгээр нь салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулах, томоохон өөрчлөлт, шинэчлэлийг авчрах хуулиуд болно гэдгийг тодотгов.

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил болон Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Г.Тэмүүлэн, Г.Ганболд, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нарын гишүүд оролцлоо. Мөн Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Б.Эрдэнэбаяр, боловсролын салбарын бүх шатны байгууллагын төлөөлөгчид оролцов.  

    Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр “Орчин үеийн хөгжил боловсролын салбараа шинэ түвшинд гаргах шаардлагыг бидэнд тавьж байна. Технологийн IV хувьсгаль буюу хиймэл оюун ухаан, их өгөгдөл, дижитал шилжилтийн энэ эрин үед шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил хувьсан өөрчлөгдөж байна. Орчин үеийн энэ хэрэгцээ, шаардлагатай нийцэж боловсролын тогтолцоо шинэчлэгдэх хандлага дэлхий даяар өрнөж байгаа юм. Жишээлбэл, их дээд сургуулиудад “цунами” нүүрлэлээ гэж Стэнфордын их сургуулийн захирал 2013 онд хэлж байсан. Түүнээс хойш найман жилийн дотор маш хурдацтай өөрчлөлтүүд бий боллоо. Боловсрол зөвхөн ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн боловсролоор хязгаарлагддагүй болсон. Гадаад хэл сурахаас өгсүүлээд насан туршдаа боловсрох бололцоог цахим ертөнц бий болгож байна. Японд гэхэд л саяхнаас орчуулагч шаардлагагүй болж, бүх хэлээр орчуулдаг синхрон орчуулгын /шууд орчуулгын/ аппарат, төхөөрөмж гаргана гэж байна. Нийт мэргэжлийн 40 хувийн ажлыг 2050 он гэхэд роботууд хийж гүйцэтгэх бололцоотой гэж хүртэл ярьж байна. Зөөлөн ур чадвар буюу харилцаа, хандлага, багаар ажиллах ур чадварын боловсрол олгох нь түлхүү болно гэх жишээгээр дэлхий нийтээрээ хувьсан өөрчлөгдөж буй хөгжлийн явцыг угтаж, амдаж тооцоолон Боловсролын багц хуулийн төслөө боловсруулах нь зүйтэй.

    Манайд ерөнхий боловсролын сургалт дэлхийн түвшнээс хоцрогдохооргүй сайн байсан үе бий. Гэхдээ хүн бэлтгэх ухаанд дэлхий нийтээрээ асар их өөрчлөлтүүд бий болж буй учир тухайлбал, хүмүүнлэгийн боловсролыг хуульчлах нь чухал гэж Улсын Их хурал үзэж, багц хуулийн дотор Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсгийг тусад нь байгуулсан. Энэ бүх нөхцөл байдалтай уялдуулаад бид боловсролоо ядуурлыг шийдвэрлэх үндэс, монгол хүн дэлхийд өрсөлдөх чадвартай байх бүх нийтийн үйлс болгохын төлөө эрхзүйн шинэчлэлийг хийх шаардлагатай. Сургалтын төлбөрөө төлөх бололцоогүй, авъяас чадвартай хүмүүсийг сургах шийдлүүдийг эрж олох чиг хандлага дэлхийн олон улсад нэвтэрч байна. Шийдвэрлэх ёстой энэ мэт олон асуудал манайд бий. Жишээлбэл, сургуулийн өмнөх боловсрол гурван наснаас эхлэх нь зөв үү, хөдөөгийн зургаа, долоон настнуудыг сургах тогтолцоо ямар байх вэ, мэргэжлийн боловсрол буюу ажилчин ангийг хэрхэн бэлтгэх вэ, багшийн нийгмийн асуудлыг яах вэ, цалин хөлс нэмэгдэх боломжийг хэрхэн шийдвэрлэх вэ гэх зэрэг нэг тийш нь болгох олон асуудал байна.


    …Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг сайд нарын үед Иргэний ёсзүйн боловсролын ном, сурах бичгийг санаачлаад, шинэчилсэн нь дэвшил болсон. Энэ мэтчилэн манайд богино хугацаанд дэвшил гарч буй зүйл бий. Боловсролын салбарын шийдвэрлэх шаардлагатай асуудлыг зоригтой барьж аваад, санаачлагатай ажиллах, шинжлэх ухаанд,  нотолгоонд суурилсан шийдвэр гаргахыг эрмэлздэг Л.Энх-Амгалан сайд энэ цаг үед салбарыг толгойлж буйг боловсролын салбарын хөгжилд өөдрөгөөр нөлөөлнө гэдэгт итгэж байна.

Боловсролын агуулгыг суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тодорхойлж, урт хугацаанд тогтвортой, дор хаяж 30 жил хэрэгжихээр үр дүнг нь тооцож Боловсролын багц хуулийн төслийг боловсруулъя. Салбартаа дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийхийн төлөө бүгд хичээн зүтгэж,  нягт хамтран ажиллахыг хүсье. Хуулийн төсөл тус бүрээр маш олон хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана. Цаашид ямар шат дарааллаар, яаж хэлэлцэх үнэтай саналыг та бүхэн гаргана гэдэгт итгэж байна” гээд цар тахлын үед боловсролын хоцрогдол бий болж, ялангуяа хүүхдүүдийн хувьд алдагдсан хоёр жилийг нөхөхийн төлөө  хичээж ажиллахыг багш нарт захилаа. Үүнд багш нарын манлайлал маш чухал үүрэгтэй болохыг тэмдэглэсэн. Тэрбээр мөн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, танхимаар хичээллэх эрсдэлтэй бөгөөд хатуу сорилттой үеийг хамтдаа даван туулна. Олон улсын чиг хандлагыг судалж байж салбарын яам шийдвэрээ гаргасан. Алийн болгон зайнаас суралцаж явах вэ, хүүхдүүдтэйгээ тулж ажиллана гээд энэ ажилд нь амжилт хүслээ.

    Түүнчлэн, дээд боловсролын систем хос мэргэжил эзэмших, универсал хандлага руугаа хөгжиж буйг онцолж ярихын зэрэгцээ багц хуулийн доторх хууль нэг бүр хүн бүрд хүртээмжтэй, тэгш боловсрол эзэмшүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэгдэнэ гээд олон нийтийн саналыг тусгасан хууль боловсруулах, хууль боловсруулах ажилд оролцох боломжийг иргэн бүрд нээх үүднээс Улсын Их Хурлаас LAWFORUM.PARLIAMENT.MNLAWMAKER.PARLIAMENT.MN цахим системийг нэвтрүүлсэн. Дээрх системүүдээр дамжуулж хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал өгөх, өөрийн төслийн хувилбараа ч ирүүлэх боломжтойг хэллээ.  


    Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Боловсролын ерөнхий хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Дээд боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Судалгааны их сургуулийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ажиллаж байгаа юм.


    Хэлэлцүүлгийн нээлтэд мөн Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням үг хэлэхдээ багц хуулийн төслийг боловсруулахад долоон ажлын хэсэг гарсан, 23 гишүүн оролцсон. Монголын бүх айл өрх бүрд хамааралтай хууль, эрхзүйн өөрчлөлт байх болно гэдгийг тэмдэглэв.


    Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаар танилцууллаа. Танилцуулгадаа улс орны хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр бус хүний хөгжлийн индексээр хэмжих асуудал цаашдаа яригдана. Улс орныхоо өрсөлдөх чадварыг хөгжүүлэх, ядуурлаас гарах, ажилгүйдлийг бууруулах, баян хоосны ялгааг арилгая гэвэл боловсролын шинэчлэлийг хийх нь зайлшгүй. Боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийх нь улс орны аюулгүй байдлын асуудал гэж ойлгодог хэмээлээ.  





    Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил мөн багц хуулийн төслийг боловсруулах явц, байдлын талаар танилцуулж, гол зохицуулалтуудын талаар мэдээлэл өгөв. Мэдээлэлдээ хүүхдийг сурлагаар нь ангилж ялгадаггүй болох талаар санал, байр сууриа хуваалцсан. Хүүхдийг дунд сурдаг, сайн сурдаг гэж ангилаад л эхлэх юм бол насаараа тэгж ангилагдах болдог. Олимпиадын сурагчийг олимпиадаар нь явуулж, олимпиадынх биш бол хаяад явдаг энэ арга барил бус орчин үеийн шинжлэх ухааны сургалтын нээлт, ололтуудыг хуулийнхаа ерөнхий үзэл санаа, агуулга руу тусгаж, үүнийг ойлгодог багшийг, эцэг эхийг бэлтгэх өөрчлөлтийг багц хуулиараа эхлүүлмээр байна хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тус хэлэлцүүлэгт оролцогч багш, ажилтан, удирдлагын төлөөлөл мөн саналаа хэлэв. Оролцогчид, сургалтын хугацаанд нэг хүүхдэд зориулах зардлыг нэмэх, бүх шатны сургалтын байгууллагын багш, ажилтнууд хүүхэдтэй зүй бус харилцахгүй байх, зүй бус хандлага гаргахгүй байх зохицуулалт хуулийн төсөлд тусгах, уламжлал, шинэчлэлийг хослуулсан бодлогыг хэрэгжүүлэх зэрэг үнэтэй саналуудыг илэрхийлсэн юм. Төгсгөлд нь хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, гишүүд болон холбогдох албан тушаалтнууд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл