Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо таван асуудлыг хэлэлцлээ

2016 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ.


Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагджээ.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны жилийн эцсийн  байдлаар 61.2 хувьтай гарсан аж.

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны эрхлэх хүрээний яамд болох БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ-ны Үндсэн чиглэлд тусгасан арга хэмжээний хэрэгжилт 67.9  хувьтай гарчээ.

2016 оны Үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Гантулга, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Багануур дүүрэгт байгуулах их, дээд сургуулиудын хотхоны дэд бүтцийг байгуулах ажлын биелэлт 10 гаруй хувьтай гэж гарсан байна. Гэтэл нийслэлд их, дээд сургуулиуд барилгаа өргөтгөөд, эхнээсээ ашиглалтад орж байна. Ер нь бүх их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх боломж бий юу хэмээн лавласан.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Их, дээд сургуулиудын хотхоныг байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын даалгавар гарч, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргах зарим ажил хийгдэж эхэлсэн ч санхүүжилт олгогдоогүйгээс ажил үндсэндээ зогссон гэж хариуллаа. Түүний хэлснээр, эмнэлгүүдийг бааз сууриа болгосон ЭМШУИС, шинжлэх ухааны төвүүд, лаборатори, үйлдвэрүүдэд түшиглэн сургалтаа явуулдаг ШУТИС зэрэг сургуулиудыг нүүлгэн шилжүүлбэл сургалт явуулах боломжгүй болох аж. Түүнээс гадна 100 гаруй мянган оюутан, олон мянган багш, ажилтнуудын сурч, ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд маш их хөрөнгө, мөн цаг хугацаа шаардлагатай гэлээ.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан нар байр сууриа илэрхийлсэн. Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Өнгөрсөн оны Үндсэн чиглэлийн биелэлт гэж ээлж өнгөрөөсөн тайлан орж ирдэг. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний салбарын хэмжээнд Үндсэн чиглэлд тусгагдсан ажлын биелэлт 70 шахам хувьтай гарсан гэж дүгнэжээ. Гэтэл улсын хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт гарч, шуурхай арга хэмжээ авч чадаагүйгээс 80 гаруй хүүхэд амиа алдсан. Эхийн эндэгдлийн түвшингээр манай улс дээгүүрт бичигдэж байна. Өнгөрсөн онд 38 эх эндсэн байна. Нас барсан 10 гаруй мянган хүний нэрээр тэтгэвэр авч байсан, боловсролын салбарт олон зуун аж ахуйн нэгжийг хохироосон тендерийн асуудал гарсан гээд ярьвал олон зүйл байна. Ийм байтал Үндсэн чиглэлийн биелэлт нь өндөр, Үндэсний аудитын газрын дүгнэлт ч бөөрөнхий. Цаашдаа ингэж явж болохгүй гэж бодож байна гэж хэлсэн. Гишүүд ийнхүү хэлэлцээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн тус ажлын хэсгийн гишүүн М.Билэгт танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, нярай хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач тусыг яриад барахгүй. Гэхдээ өөрийн сүүгээр хүүхдээ цатгаж чадахгүй байгаа эхчүүд нэмэгдэл тэжээл авахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ хуулиар сүү импортлогчдын үйл ажиллагааг бүр хориглосон юм биш биз хэмээн лавласан. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хүүхдийн сүү импортлогчдод тавьж буй шаардлагыг өндөрсгөж, чанартай бүтээгдэхүүн оруулж ирэхийг зорьж байгаа. Шаардлага хангасан бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг хаагаагүй гэсэн хариулт өгсөн юм. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Байнгын хорооны тогтоолыг батлав

Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын бодлого, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг дээрх тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тус УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийн тайланг өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаар хэлэлцсэн юм.

Уг тогтоолоор эрүүл мэндийн салбарын бодлого, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, төсвийн болон даатгалын санхүүжилт, үр ашгийг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ. Тухайлбал,

-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эдгээр хуулийг дагалдаж гарах журам, стандартыг энэ оны 2 дугаар улиралд багтаан батлах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах;

-эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан багцын тусламж үйлчилгээг бүрэн хэрэгжүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл хөрөнгийг шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах, сангаас санхүүжиж буй тусламж үйлчилгээний өртөг, зардлыг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ижил зардлаар санхүүжүүлэх нөхцөлийг 2017 онд багтаан судалж, шийдвэрлэх;

-эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг боловсронгуй болгох, төрөөс төлбөрийг нь хариуцаж байгаа тусламж, үйлчилгээний бодит өртгийг тооцож, тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар санхүүжүүлэх, үр дүн, бүтээгдэхүүнд чиглэсэн худалдан авалтын хэлбэрт шилжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурын худалдан авалтыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулах, ханган нийлүүлэлтийг сайжруулах, тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

-эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа, хүний нөөц, санхүүжилтийг боловсронгуй болгох асуудлыг судалж, шийдвэрлэх зэрэг 12 асуудлыг тусгасан байна.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг нар асуулт асууж, саналаа илэрхийлсэн. Гишүүдийн гаргасан саналын дагуу тогтоолын төсөлд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх асуудлыг мөн тусгахаар болсон. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Ажлын хэсгийн тайланг хэлэлцэв

Дараа нь Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

Тайлангийн талаар тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.

Ажлын хэсэг Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” сургууль, Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль, “Орчлон” олон улсын дунд сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 29, 116 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр дунд сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, боловсролын салбарын хууль тогтоомжийн болон “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлыг нь сонслоо хэмээн ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.

Тэрбээр

-Бага, дунд боловсролын байгууллага, суралцагчдын өнөөгийн байдал,

-Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилт,

-Багшлах боловсон хүчний нөөц, нийгмийн асуудал,

-“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, тулгамдаж буй асуудал,

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр багцлан гишүүдэд мэдээлэл хүргэсэн. Мөн ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан юм.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хөдөө орон нутгийн сурагчид балгас мэт байранд сурч, амьдарч байна гээд сургуулийн засварын төсвийг хэрхэн хуваарилдаг талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нийт сургуулиудын барилгын насжилт ямар байгаа, хэдэн хувь нь цаашид ашиглах боломжгүй болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон бэ гэж асуусан.


БСШУС-ын сайд Ж.Батсуурь, 150 гаруй сургуулийн барилга 40 жилээс дээш насжилттай гэлээ. Тэрбээр, нийт сургууль, цэцэрлэгүүдийн барилгын 20-30 хувийг цаашид ашиглах боломжгүй гэсэн МХЕГ-ын дүгнэлт гарсан гээд жилдээ аймгуудаас 20-40 тэрбум төгрөгийн засварын ажлын захиалга ирүүлдэг ч 2016 оны төсөвт тусгагдсан мөнгийг хуваарилахад нэг аймагт 300 орчим сая төгрөг оногдсон гэж хэлж байлаа. Энэ нь нэг сургуулийн засварт ч хүрэхгүй мөнгө юм байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Байнгын хорооны тогтоолын төсөлд Боловсролын багц хуулийг шинэчлэх талаар яагаад тусгасан талаар тодруулсан. Тэрбээр, 2016 онд Боловсролын багц хуулийг шинэчлэн баталсан байтал дахин ингэж шинэчлэх шаардлага бий эсэхийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, Боловсролын тухай болон Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, эрх зүйн орчин тогтворгүй байна. Боловсролын тухай хууль нь салбарын харилцааг бүхэлд нь зохицуулж чадаагүй, зохицуулах шаардлагатай зарим харилцаа тусгагдаагүй, зөвхөн боловсролын салбарын байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаанд чиглэсэн, байгууллагын харилцааг зохицуулсан байна гэж ажлын хэсэг дүгнэсэн гэлээ. Боловсролын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг богино хугацаанд оруулдаг нь улстөрчдийн хүсэл зориг, бодлогын ялгаатай шийдэлтэй холбоотой боловч нөгөө талаар тухай салбарын эрх зүйн хөгжил, түүний системчлэлтэй холбоотой хэмээн нэмж хэлсэн. Салбарын сайд ч гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.


Байнгын хорооны тогтоолын төсөлд оруулах хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналыг гишүүдээс гаргасан бөгөөд эдгээр саналуудыг тусган дараагийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтлоо.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Мөн өдрийн хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Ажлын хэсэг хуралдаанаараа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд дараахь саналуудыг тусгахаар оруулж иржээ. Тухайлбал:

-төсөлд залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн дагуу цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны залуучуудыг хамруулахаар мөн 18-27 насны эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр хамрагдаж болохоор тусгах;

-залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийг хэвлэл, мэдээллийн байгууллагын мэдээллийн агуулга, хөтөлбөрт тусгах, түүнийг зохицуулах журмыг Засгийн газар тогтоох;

-цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан, их, дээд сургуульд элсэн суралцах болзол хангасан залуучуудыг дэмжин оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах;

-оюутан, залуучуудыг ажилд зуучилсан хөдөлмөрийн биржийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх асуудлыг хөдөлмөрийн болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хэрэгжүүлэх;

-гадаад улсад өндөр технологи, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо эргэн ирж ажиллахыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх;

-хувийн хэвшлийн байгууллага нь /100 ба түүнээс дээш ажилтантай/ нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргахаар тусгах;

-сайн дурын ажил болон цэргийн албанд хамрагдаж төрийн албанд орох сонгон шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг төрийн албанд ажиллахад давуу тал болгон тооцохоор хуулийн төсөлд тусгахаар санал боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл