УИХ-ын гишүүд олон улсын парламентын чуулга уулзалтын салбар хуралдаануудад оролцов

  2018-09-14 08:04  441

    Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо болж буй: “Бүх Нийтийг Тогтвортой Эрчим Хүчээр Хангахын Төлөөх Түншлэл” сэдэвт Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр “Эмэгтэйчүүд ба тогтвортой эрчим хүч” сэдвээр салбар хуралдаан боллоо.  Уг хуралдаанд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н. Оюундарь Монгол Улсаа төлөөлөн оролцлоо. Уг хуралдаанаар парламентчид тогтвортой, найдвартай, хямд эрчим хүчээр бүх нийтийг хангахад буюу Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилтыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, мөн энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар санал бодлоо солилцож, туршлагаа хуваалцав. 


    УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлэв. Тэрбээр, үгийнхээ эхэнд Монгол Улсад эмэгтэйчүүдийн өрх гэрээ авч явахад гүйцэтгэх үүрэг өндрөөс гадна нийгмийн үйл ажиллагаанд оролцох идэвх оролцоо ч мөн их болохыг онцлоод, сүүлийн жилүүдэд жижиг дунд бизнес эрхлэгчдийн дунд эзлэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгааг дурдав. Мөн “Цаашид улс орнууд сэргээгдэх эрчим хүчинд суурилсан үйл ажиллагаа явуулах замаар орлогын эх үүсвэрээ бүрдүүлэх тал дээр эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бодлого баримталж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлбэл зүйтэй болов уу. Аль ч улсын эмэгтэйчүүд өрх гэрийн түвшинд эрчим хүчний хэрэглээний асуудлыг дагнан хариуцдаг гэж хэлэхэд бараг хилсдэхгүй. Тэгэхээр хямд, найдвартай эрчим хүч хэрэглэхийн хэрэгцээ, шаардлагыг юунаас ч илүү мэдэх тул энэ тал дээр цаашид улс орны хэмжээнд шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцвол бодлого, үйл ажиллагаа улам оновчтой, зөв болоход нөлөөлнө. Энэ нь эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших, бизнес эрхлэх боломж бололцоонд эерэг нөлөө үзүүлж, улмаар өрх гэрийн орлого нэмэгдэн, эргээд Тогтвортой хөгжлийн ядуурлыг бууруулах гэх мэт зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулна” хэмээн тэмдэглэв. 


  2018-09-14 15:06  441