Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо хуралдав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.10) хуралдаан 14 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаанаар эхлээд 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.


Хэлэлцэж буй хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналыг Ажлын хэсэг хэлэлцсэн байна. Тодруулбал шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр хоёр жил байхаар өөрчлөх, хуулийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөх талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд бэлтгэсэн байна. Түүнчлэн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр авто зам, замын байгууламжийн баталгаат хугацааг гурван жил болгох УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санал дэмжигдсэн, Ажлын хэсэг хурлынхаа үеэр энэ асуудлыг хэлэлцэн хоёр жил байх нь зүйтэй хэмээн үзэж зарчмын зөрүүтэй саналын томъёолол боловсруулсан гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ хуулийн төсөлд авто зам, замын байгууламж байгуулах төсөвт өртөг, стандартын талаар ямар зохицуулалт тусгагдсан талаар асуув. Авто зам барьж байгуулахтай холбоотой стандарт, жишиг өртөг гаргах талаар хэд хэдэн УИХ-ын гишүүн санал гаргасан, гэхдээ тухайн орон нутгийн зай, бүс нутгийн онцлог, зам байгуулах газрын бүтэц гээд олон хүчин зүйлээс шалтгаалж замын үнэлгээ тооцогддог тул жишиг өртөг, стандарт тогтоох бололцоогүй хэмээн Ажлын хэсгийн ахлагч тайлбарлалаа. Худалдан авах үйл ажиллагаа үнэн зөв байх үндэс нь стандарт, тиймээс стандартыг тогтоох эрх зүйн ерөнхий чиглэлийг УИХ хуулиар тодорхойлж өгөх шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлээд бусад оронд байдаг автозамын бүтээн байгуулалттай холбоотой стандартын жишгийг судлах, цаашдаа нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв.


Дараа нь Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдаж, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас чиглэл өгч нээлттэй үлдээсэн гурван санал болон найруулгын шинжтэй хоёр санал, нийт таван саналын томъёоллыг бэлтгэсэн болохыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулав. Ажлын хэсгийн тус танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилгоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулгын эхэнд дурдсан.


Уг хуулийн төсөлд Сангийн яамны Төрийн сангийн газар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” Төрийн өмчит ХХК, “Арилжааны төлбөр тооцоо” Төрийн өмчит ХХК-д тус тус төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл шууд олгогдсонд тооцох тухай зохицуулалтыг тусгасан байна. Төсөлд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдахаас өмнө эрх бүхий байгууллагаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл авсан этгээд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд нийцүүлэн 2018 оны есдүгээр сарын 01-ний дотор зохих бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлж, зөвшөөрлөө шинэчлэн авах тухай асуудлыг тусгажээ. Түүнчлэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд Монголбанк батлахаар заасан журам, дүрэм зэрэг эрх зүйн актыг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд батлах, тэдгээр журам, дүрэм батлагдах хүртэлх хугацаанд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн актуудын үйлчлэл хэвээр байх тухай зохицуулалтыг тусгаж өгсөн гэлээ.

Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, санал хэлээгүй, харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргав. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь горимын саналыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв


Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал бол “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт байв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагджээ.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны жилийн эцсийн  байдлаар 61.2 хувьтай гарсан байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг бодлого тус бүрээр танилцуулсан.


Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг дэлгэрэнгүй танилцуулав. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233.9 тэрбум, орон нутгийн төсвөөс 0.7 тэрбум, Хөгжлийн банкны санхүүжилтээр 110.0 тэрбум, гадаад эх үүсвэрээс 278.0 тэрбум, ТХХТ-ийн 3,189.0 тэрбум, ХЭДС-гийн 7.0 тэрбум, хувийн хэвшлийн 2.5 тэрбум, холимог эх үүсвэрээс (Хувийн хэвшил болон гадаад эх үүсвэрээс 14.0 тэрбум. Хөгжлийн банк болон гадаад эх үүсвэрээс 15.7 тэрбум. Улсын төсөв болон гадаад эх үүсвэрээс 1.5 тэрбум) 31.2 тэрбум нийт 3,852.3 тэрбум төгрөг төлөвлөгджээ. Үндсэн чиглэлийн арга хэмжээнд урьдчилсан гүйцэтгэлээр нийт 416.2 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан нь төлөвлөсөн хэмжээнээс 9 дахин бага бөгөөд зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн нөөц хангалтгүй хэмээн дүгнэжээ.

Аудитын явцад хэрэгжүүлсэн горим, арга зүй, Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан үнэлгээний журмын дагуу үнэлэхэд 158 арга хэмжээнээс хэрэгжсэн 55, хэрэгжилт дутуу 72, хэрэгжээгүй 31 дунджаар 58.9 хувийн биелэлттэй хэмээн дүгнэсэн байна. Аудитын дүнгээр 567.5 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, 2,567.0 сая төгрөгийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, нийт 3,134.5 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлагыг БСШУСЯ, УУХҮЯ-нд тус тус хүргүүлжээ.

Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

  • Үндсэн чиглэлийн зарим арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бодитой тооцож, төлөвлөөгүй байна.
  • Үндсэн чиглэлд цаг хугацааны хувьд нэг жилд хэрэгжүүлэх боломжгүй, бэлтгэл ажил хангагдаагүй, тооцоо судалгаа дутуу зорилт, арга хэмжзэ төлөвлөгдсөн нь гүйцэтгэлд сөргөөр нөлөөлсөн байна.
  • Үндсэн чиглэлийн  зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хариуцан хэрэгжүүлэгч байгууллагаас зохион байгуулсан ажлын үр дүн хангалтгүй байна.
  • Үндсэн чиглэлийн  зорилт, арга хэмжээнд шаардагдах хөрөнгө санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй, санхүүжилт бүрэн хийгдээгүй байна.
  • Үндсэн чиглэлийн  зорилт, арга хэмжээг холбогдох журмын дагуу үнэлэх, тайлагнах талаар хангалтгүй ажилласан байна.
  • Өмнөх аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Төсвийн ерөнхийлөн захирагчдын зохион байгуулсан ажил хангалтгүй байна.

Мөн аудитаар үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээний үр дүнг сайжруулах 3, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж хэрэгжүүлэх 2, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох 1, хяналт тавих 1 нийт 7 зөвлөмжийг ТЕЗ, Сангийн яам, ЗГХЭГ-т тус тус өгсөн хэмээн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Дараа нь Монгол Улсын эдиин засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг танилцууллаа. Дээрх үндсэн чиглэлийн биелэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл болон УИХ-аас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Л.Элдэв-Очир, С.Чинзориг нарын гишүүд ажиллажээ. Ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн аудитын дүгнэлт болон бусад Байнгын хороодоос ирүүлсэн санал дүгнэлттэй танилцсан байна.

Ажлын хэсгийн хурлын явцад Үндэсний аудитын газраас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан 158 арга хэмжээнээс хэрэгжсэн 55, хэрэгжилт дутуу 72, хэрэгжээгүй 31, дунджаар 58.9 хувийн биелэлттэй байна. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд нийт 3,8 их наяд төгрөг төлөвлөсөн боловч урьдчилсан гүйцэтгэлээр нийт 416 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан нь төлөвлөсөн хэмжээнээс 9 дахин бага. Зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвтэй уялдуулалгүй, үндэслэл тооцоогүй тусгасны улмаас ихэнх зорилт хэрэгжээгүй” гэсэн дүгнэлт гарсныг танилцуулсан бөгөөд Ажлын хэсгийн гишүүдээс “Цаашид үүнийг анхаарч, үндсэн чиглэлийн төсөл боловсруулахдаа хөгжлийн бодлого, хөтөлбөр, улсын төсөвтэй уялдуулах, үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэхэд хариуцлагатай хандах, хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад хариуцлага тооцож байх нь зүйтэй” зэрэг саналыг гаргажээ.

2016 онд сонгууль явагдаж, үр дүнд нь өөр мөрийн хөтөлбөр бүхий хоёр Засгийн газар ажилласан, биелэлт хангалтгүй зэргийг харгалзан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар тусгайлан УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах шаардлагагүй гэж Ажлын хэсэг үзжээ.


Дээрх танилцуулгуудтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан макро эдийн засгийн бодлогын биелэлт 64.3 хувьтай байгаа атал эдийн засгийн өсөлтгүй, ажилгүйдлийн түвшин хоёр хувьтай байгаагийн шалтгааныг Ажлын хэсгээс тодруулав. Сангийн дэд сайд Х.Булгантуяа, үндсэн чиглэлийг биелэлтийг тооцоолох аргачлалыг нарийвчлах шаардлага бий гэсэн бол Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу үнэлгээ хийсэн хэмээн тайлбарлалаа. Тайлант хугацаанд хоёр Засгийн газар ажилласан болохыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцолсон. Мөн түүний хүсэлтийн дагуу 2016 оны сүүлийн дөрвөн сарын турш ажилласан Засгийн газрын яамд энэхүү үндсэн чиглэлийн биелэлтийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаа тус бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар жижиг дунд үйлдвэрлэлийн талаар, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын талаар тодруулж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар ЗГХЭГ, Үндэсний аудитын газар, УИХ-ын гаргасан тайлан дээр өөр үнэлгээтэй байгаагийн шалтгааныг асууж тус бүртээ Ажлын хэсгээс хариулт авсан. Ийнхүү Байнгын хороо “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэн, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийг үндэслэн үндсэн чиглэлийн биелэлтийн талаар тусгайлан УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах шаардлагагүй гэж үзэн санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Хуралдаан үргэлжлүүлэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх болон Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хангалтгүй гэдэг шалтгааны улмаас хойшлуулав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл