Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-07-10 12:07 Уншсан: 171

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2017.07.10) хуралдаан 11 цаг 10 минутад үргэлжиллээ. Хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах төв болон салбар 46 комисс, 1983 хэсгийн санал авах байр, мэдээллийн технологийн 30 баг ажиллаж, тэдгээрт нийт 25 мянга гаруй төрийн албан хаагчид хамрагдсан.

Сонгуулийн ерөнхий хороо 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа сонгуулийн дүнг хэлэлцэн Сонгуулийн тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр Монгол Улсын Их Хуралд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 5-д заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн танилцуулгадаа дурдав.

Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.     

Тэрбээр, Сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу хэлэлцсэн гэдгийг танилцуулгадаа дурдав.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан,  Ж.Мөнхбат,  Г.Занданшатар нар Сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэсэн нь сонгууль зохион байгуулахад хүндрэлтэй байсан эсэх, Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох талаар, Олон улсын ажиглагчдын хорооноос тус сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт гаргасан ба түүний дагуу цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар асуулт асууж, хариулт авч байсан.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Баасанхүү нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн талаар нарийвчилсан дүгнэлт гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх, шинээр сонгогдсон болон бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгчид хамтарч тодорхой хугацаагаар ажилладаг байх, мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох талаар санал хэлсэн.

2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн хоёр дахь санал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 60.67 хувь нь саналаа өгч, нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 50.61 хувь буюу олонхийн санал авсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа онцоллоо.

Сонгуулийн ерөнхий хорооны илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан  Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Г.Занданшатар, Ж.Мөнхбат, О.Баасанхүү, С.Жавхлан, С.Эрдэнэ нар  асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 96.5 хувь нь дэмжин, баталлаа.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоож, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа дурдав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 96.5 хувь нь дэмжин, баталлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Үүсгэсэн: 2017-07-10 12:07

Хуралдааны тов