Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, З.Нарантуяа нар Канад Улсад ажлын айлчлал хийв

Монгол Улсын Их Хурлын Монгол-Канадын парламентын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг,  тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа,  Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяа нар тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийв.

Энэхүү ажлын айлчлал нь 2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Канадын парламентын Тамгын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд олон жилийн парламентын ардчиллын түүхтэй Канадын парламентын Нийтийн танхим, Сенатын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой болсон юм.


Айлчлалын үеэр УИХ-ын гишүүд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Жэофф Рэганд бараалхлаа. Мөн Канадын парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга, Сенатын гишүүн Жозеф Дэй болон бүлгийн гишүүд, Нийтийн танхимийн Хүний хөгжил, нийгмийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Брайн Мэй, дэд дарга Брижитт Сансури,  Канадын Гадаад хэргийн яамны Хойд Ази болон Далайн орнуудын газрын ерөнхий захирал Сара Тэйлор зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

Монгол Улсын гуравдагч хөршүүдийн нэг Канад Улс манай орны ардчилал, хүний эрх, хөгжлийг ямагт дэмжиж ирсэнд УИХ-ын гишүүд талархал илэрхийлж, өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн, УИХ-ын гишүүд Канадын Онтарио мужийн парламентын гишүүдтэй Торонто хотноо уулзалт хийж, мужийн парламентын үйл ажиллагаатай танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл