“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 15 дугаарын тойм

  2018-04-20 11:33  167


Эмхэтгэлийн шинэ дугаарт Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ. Тус тогтоолоор Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахаар тогтоосон юм.

Мөн Дээд офицерын цол хураан авах тухай, Журам батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна.

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийн ажиллах журам”, ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг хавсралтаар тус тус баталжээ.

Дээрх журмаар Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээлэл солилцох, Зөвлөлөөс гарах шийдвэрийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх болон гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийг Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар заажээ. Ажлын хэсэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, энэхүү журмыг удирдлага болгож ажиллах юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-05-01 11:33  167