УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

  2016-08-25 01:00  461

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2016.08.25/ нээлтээ хийлээ. УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа, нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн онцолсон юм.

Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2015 оны Санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай, Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоол, Эрүүгийн, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон нэн шаардлагатай гэсэн бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн” хэмээлээ.

Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тэмдэглээд нэгэнт нөхцөл байдал ийм болсныг олон улсын байгууллагууд ч дүгнээд хэлчихсэн байхад бид ойр зуур ийм болсон болоогүй гэж маргаж суух цаг нэгэнт өнгөрсөн гэлээ. Тэрбээр тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтоосны үндсэн дээр хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоох, хямралаас гарах, цаашдын санхүү, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээгээ тодорхойлох нь бидний өмнө байгаа амин чухал асуудал юм. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулганаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн гэж хэлсэн юм.

Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил болохыг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод нэн тэргүүнд төсвийн зарлагын шинэчлэлийг эхлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах, зардал, үр өгөөжийн зохистой харьцааг хангах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн тусгай шаардлагыг ханган биелүүлэх, эдийн засагт үзүүлэх өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн өрийн удирдлагын стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд 2017 оны болон дунд хугацааны төсвийн баримт бичгүүдийн бодлогын зөв шийдэл шийдвэрлэх үүрэгтэй болохыг УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганы үйл ажиллагааг нээн хэлсэн үгэндээ онцоллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2016-09-22 23:46  461