Цэс

Холбоо барих

ЕСБХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач-ийг хүлээн авч уулзав

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такач өнөөдөр (2020.03.16) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав.

Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа ноён Ханнес Такач уулзалтын тэмдэглэв.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ЕСБХБ-аас Монгол Улсад нийт 2.2 тэрбум ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, банк санхүүгийн салбар зэрэг нийт 116 төслийг хэрэгжүүлэхэд олгож, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа хувийн хэвшлийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.


Ноён Ханнес Такач ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичигт Монгол Улсын Засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтран дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбаруудад төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан, мөн ЕСБХБ-аас Монгол Улсад олгосон нийт санхүүжилтийн 83 хувь нь хувийн хэвшилд чиглэгдсэн хэмээн танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Шинэ сэргэлт"-ийн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлж, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх зорилт тавьсан нь ЕСБХБ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх шинэ стратеги төлөвлөгөөтэй уялдаж байгааг онцлов.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ЕСБХБ-аас хэрэгжүүлэх шинэ стратеги нь Монгол Улсад уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол чиглэл болж байгаад талархал илэрхийлээд "Шинэ сэргэлт"-ийн бодлогын дагуу эдийн засгаа төрөлжүүлж, санхүүгийн дэмжлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ногоон шийдлүүдийг багтаасан үр ашигтай, чанартай, тогтвортой дэд бүтцийн үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө ЕСБХБ-тай хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа илэрхийлэв.


Монгол Улс, ЕСБХБ-ны хамтын ажиллагааны тухай

Монгол Улс ЕСБХБ-нд бүрэн эрхт гишүүнээр элсэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын 2000 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталж, тус Банканд хүргүүлсэн. ЕСБХБ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Гэрчилгээг манай талд ирүүлснээр Монгол Улс тус Банкны 61 дэх бүрэн эрхт гишүүн болсон юм. 2006 онд Монгол Улс тус банк дахь гишүүнчлэлийнхээ статусыг нэмэгдүүлж, зээлжих эрхтэй гишүүн болсноор Суурин төлөөлөгчдийн газрыг байгуулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл