ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын Томилгооны сонсгол эхэллээ

  2020-06-10 13:06  429

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өнөөдөр (2020.06.10) Төрийн ордонд эхэллээ. Улсын онцгой комиссын заавар, зөвлөмжийн дагуу “Ковид-19” цар тахлын үед төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах үүднээс уг томилгооны сонсголыг цахимаар явуулж байна.


Томилгооны сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат удирдан явуулав.

“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдаад 20 жил болж байна. 2001 оноос хойш Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 илтгэлээр 400 гаруй санал ирсэн. Эдгээр илтгэлүүдэд дурдсанаар хүний эрхийн зөрчлийн асуудлыг холбогдох байгууллагуудад хүргүүлдэг ч хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй, эсхүл шийдвэрлэсэн дүр үзүүлж өнгөрдөг, буруутай албан хаагчдыг хаацайлдаг гэсэн дүгнэлтүүд гарсаар байсан. Энэ байдлыг арилгах үүднээс УИХ-аас өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Хүний эрхийг хамгаалах гол зохицуулалтуудыг уг хуульд оруулсан ч амьдралд бодитоор хэрэгжүүлэх үүргийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдэд оногддог. Иймд комиссын гишүүн өндөр хариуцлагатай, иргэдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллах ёстой” гэдгийг тэрбээр онцлоод анх удаа тус комиссын гишүүдийг сонгон шалгаруулах томилгооны сонсголыг зохион байгуулж байгааг тэмдэглэлээ.


Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байгаа юм. 


Тус ажлын хэсэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтийн хүлээн авсан юм. Товлосон хугацаанд нийт 24 нэр дэвших хүсэлтийг ажлын хэсэгт ирүүлжээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 12 дугаар зүйлийн 12.12, 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэг, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 7.1 дэх хэсгийг үндэслэн сонгон шалгаруулалтын оролцогчоор дараах нэр бүхий 19 хүнийг бүртгэжээ.

    Үүнд:

                1.Х.Мөнхзул

                2.Г.Агар-Эрдэнэ

                3.Б.Энхболд

                4.Ш.Цогбаатар

                5.П.Оюунчимэг

                6.З.Өнөржаргал

                7.Б.Өнөрмаа

                8.М.Гантулга

                9.Г.Наранбаатар

                10.Т.Ихтамир

                11.Б.Баттулга

                12.Б.Нармандах

                13.С.Энхцэцэг

                14.Ж.Хунан

                15.Г.Нарантуяа

                16.Д.Сүнжид

                17.Д.Цэнд-Аюуш    

                18.С.Энхбаяр

                19.Ц.Адъяахишиг



Томилгооны сонсгол хоёр өдрийн турш үргэлжилнэ. Уг сонсголд цахимаар нийт 86 иргэн оролцох хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс 55 иргэн оролцогчоор бүртгүүлж, нэр дэвшигчдээс асуулт асуухаа илэрхийлсэн бол 31 иргэн  ажиглагчаар оролцохоо мэдэгдсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


  2020-06-10 10:23  429