Цэс

Холбоо барих

Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг соёл, урлагийн байгууллагуудын удирдлагуудад танилцууллаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Г.Мөнхцэцэг нар өнөөдөр (2018.10.24) соёл, урлагийн байгууллагуудын удирдлагуудтай Дуурь, бүжгийн эрдмийн теарт уулзалт хийлээ.


Байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан "Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг хэрэгжүүлэхэд хамаарал бүхий соёл, урлагийн байгууллагуудын удирдлагуудад уг тогтоолыг танилцуулах зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Соёлын тухай, соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, соёл, урлагийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэний үндсэн дээр тус Байнгын хорооноос тогтоол гаргаж, тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн талаар тэмдэглэв.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ, нийгэмд хурцаар тавигддаг соёл, урлагийн салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн  асуудлыг нэмэгдүүлэх асуудлыг тогтоолд тусгасныг онцлон тэмдэглэсэн.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг бүрэн эхээр нь уншиж сонсголоо.

Тогтоолд,

-Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Музейн тухай, Киноны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх,

-Соёлын өвийг хамгаалах тухай хуульд Засгийн газраас батлахаар заасан журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангах,

Соёл, урлагийг дэмжих сан, Засгийн газраас баталсан соёлын хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардагдах санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлэх соёл, урлагийн салбарын санхүүжилтийг тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй байхаар төлөвлөж байх асуудлыг судалж танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгох зэргээр тусгажээ.


Мөн Дуурь, бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын материаллаг баазыг бэхжүүлэх, музейн камержуулалт, үзмэрийн бүртгэл, ном, судрын хадгалалтад шаардлагатай зардал, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сангийн барилгын ажлыг дуусгах, Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Археологийн музей, Хүүхдийн төв номын сангийн шинэ барилга барих хөрөнгө оруулалтыг улсын төсвийн болон төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээс жил бүр, үе шаттай санхүүжүүлэх, үндэсний соёлын биет болон биет бус өв, түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалт газрыг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, гадаад дотоодод сурталчлах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тусгасан байна.

Түүнчлэн хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгох үүднээс хүүхдүүдэд музейг үнэ төлбөргүй үзүүлдэг байх, хүүхэд, залуучуудын театр, хүүхэлдэйн театр, киноны хүрээлэн бүхий чөлөөт цагийн төв цогцолборыг байгуулах ажлыг эхлүүлэх, хилийн чанад дахь монгол хүүхдэд хэл, соёлоо өвлүүлэн үлдээх чиглэлээр гадаад, дотоодын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах, хууль бусаар улсын хилээр гарч алдагдсан, гадаад улсад үзэсгэлэнд тавигдаад эргэж ирээгүй музейн үзмэр, эд өлгийн зүйл, соёлын өвийг сурвалжлан олох, эргүүлэн авчрах талаар холбогдох байгууллагад чиглэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих, театр, музей, соёлын байгууллагын барилга байгууламж, газар, үл хөдлөх болон бусад хөрөнгийг бүртгэж, бүрэн бүтэн байдлыг хууль эрх зүйн хүрээнд судалж, баталгаажуулах ажлыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, тус Байнгын хороонд танилцуулахыг чиглэл болгожээ.

Уулзалтын үеэр соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд соёл, урлагийн салбарын тулгамдсан асуудал хийгээд салбарын уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо шуурхай хандаж, зохих арга хэмжээг авч байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, соёл, урлагийн салбар хариуцсан энэ удаагийн байнгын хорооны бүрэлдэхүүн маш шуурхай, шударга, ажил хэрэгч хандаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгааг хэллээ.

        Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат “УИХ, төрөөс салбарын асуудлыг анх удаагаа бидний хүлээсэн хэмжээнд шийдвэрлэлээ. Сайн менежмент хийж, үйл ажиллагаагаа сайжруулах бүх боломжийг  нээж өгч байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, Г,Мөнхцэцэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг салбарт тулгамдсан бүх асуудлыг нэгбүрчлэн судалсны үндсэн дээр гаргасан Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр бүх нөөц, бололцоогоо дайчлан идэвх, санаачилгатай ажиллахыг захилаа.


Уулзалтад БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг нар оролцож, тогтоолыг хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас хэрхэн ажиллах талаараа мөн мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн соёл, урлагийн газар, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар хотын бүх музейн удирдлагууд болон холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид энэхүү уулзалтад оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл