Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Туул голыг хамгаалахтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шийдвэрлэх чиглэлээр ажиллав

  2019-06-12 08:31  242

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо одоогоос жилийн өмнө баталсан 06 тоот тогтоолдоо  Туул голын эрэг дагуух онцгой болон энгийн тусгай хамгаалалтын бүсэд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх, мөн зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хайс хашааг буулгах зэргээр Туул голыг хамгаалах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2019.06.12/ тус байнгын хорооноос дээрх тогтоол болон өмнө нь гаргасан удаа дараагийн тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Туул голын эрэг дагуу нөхцөл байдалтай танилцаж ажиллав.


Эхлээд Их тэнгэрийн амны хойт зүгт, Туул голын эрэгт тулган 50 айлын таун хаус барьж буй гэх Зүүнбаян рэйфайнери ХХК-ийн хашааны гадна очлоо.




Уг компанид анх 2006 онд аялал жуулчлалын бааз байгуулах үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгосон боловч явцын дунд газар ашиглах зориулалтыг өөрчилж, голын эрэгт буюу онцгой хамгаалалтын бүс рүү тулган тэлж орон сууцны барилга барьж эхэлсэн учир Өргөдлийн байнгын хорооноос баталсан тогтоолынхоо хэрэгжилтийн хүрээнд барилгын ажлыг зогсоох  чиглэлийг барьж өнөөг хүрсэн талаараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрбээр мөн “Сүүлийн хоёр жилд иргэдээс хамгийн их ирүүлсэн өргөдөл Туул голыг хамгаалалтад авахтай холбоотой асуудлыг хөндсөн байгаа. Гол бохирдсон, усны түвшин багассан, эрэг дагуу барилга байгууламж барьсан, барих зөвшөөрөл олгосон, эргээс элс, хайрга, дайрга олборлож байгаа зэрэгт иргэдийн санаа зовниж байна. Улаанбаатарынхан болон олон аймаг, сумын хүн, мал ундаалдаг ундны усны эх үүсвэр учраас иргэд санаа зовних нь аргагүй юм.

Туул голыг хамгаалах, хамгаалалтад авах талаар Өргөдлийн байнгын хорооноос болон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар биечлэн ажиллаж байгаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сарын өмнө нийслэлийн Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг суманд Туул голын эргээр явж, нөхцөл байдалтай танилцаж ажилласныхаа дараа голын хамгаалалтын бүсэд, бүсийн орчимд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж байгааг таслан зогсоох, дахин зөвшөөрөл олгохгүй байх, олгосон газрыг эргүүлж нөхөн сэргээх чиглэлээр ажиллах үүрэг даалгаврыг холбогдох газруудад өгсөн. Хэрэгжилтийг нь бид шахаж ажиллаж, холбогдох бүх байгууллагуудтайгаа хамтраад асуудлаа шийдвэрлэхээр явж байна” гэлээ.


Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Зүүнбаян рэйфайнери ХХК-ийн барилгын үйл ажиллагааны зөвшөөрлийг  Нийслэлийн Засаг даргын энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар цуцалсан учир барилгын үйл ажиллагаа бүрэн зогссон. Үүнтэй зэрэгцээд тус компаниас эрх зөрчлөө гэж шүүхэд хандсан. Шүүхийн шатанд Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлсэн байдалтай байна. Ийнхүү шүүхийн шатанд байгаа учир шүүхийн шийдвэр гартал барилгыг буулгах зэрэг ямар нэгэн шийдвэр гаргах үйл ажиллагааг явуулах боломжгүй юм” гэв.

Дараа нь Баянзүрхийн гүүрний хажууханд, иргэдийн хамгийн их очиж зугаалдаг байсан Туул голын эрэг дээр давхар хашаа татсан хэсэгт очив.


Энд Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас 2008 онд, Нийслэлийн Засаг даргын захирамжаар  2015 онд газрын зөвшөөрөл олгосон учир иргэн н.Батсайхан, Агар чулуу ХХК давхардуулан хашаа татжээ.

“Туул голын онцгой хамгаалалтын бүс 50 метр. Онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн самбар энэхүү давхар хашааны дотор талд байгаа нь анхаарал татаж байлаа.




Туул голыг дагасан амралт зугаалга, аялал жуулчлалын бүс байгуулах зориулалтаар дүүрэг, нийслэл, салбарын яам гэсэн гурван байгууллага газар олгодог учир зарим тохиолдолд давхцуулан олгогдсон байдгийг албан тушаалтнууд энд байхдаа танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд голын усны түвшин багассан, бохирдол хэрээс хэтэрсэн зэрэг олон үндэслэлээр Туул голын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлдэг, барилга байгууламж барьдаг байдлыг таслан зогсоохоор төр ажлаа хийдэг ч хувийн хэвшил шүүхэд ханддаг. Шүүхийн шийдвэрээр ихэвчлэн төр ялагддаг гэсэн тайлбар мэдээллийг мөн албан тушаалтнууд хэлж байв.


Ийнхүү ажилласныхаа дараа  УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар үүрэг даалгаврыг өглөө.

Тухайлбал, Туул голыг хамгаалах асуудалд нэгдсэн бодлого хэрэгтэй. Холбогдох газрууд асуудлыг тус тусдаа ярьдаг бус нэгдэж ярилцаад, нэгдсэн шийдвэр гаргадаг болно. Чиг үүргийн давхардлыг бий болгоод байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зэрэг хууль, журмуудыг шинэчилсэн найруулгаар боловсруулж батлуулах чиглэлээр хамтарч ажиллах, цаашид нийслэлийн газрыг нэг цонхны бодлогоор буюу нэг л байгууллага хариуцан олгодог болох, Туул голын эрэг дагуух онцгой болон энгийн тусгай хамгаалалтын бүсэд хэн гэдэг албан тушаалтан  хэдэн онд газар олгосон, хэд нь шүүх дээр байгаа жагсаалт гаргаж, олон нийтэд зарлах чиглэлээр ажиллахын тулд үнэн зөв мэдээллийг гаргаж, танилцуулах үүрэг чиглэлийг өгсөн юм.

Тэрбээр энэ үеэрээ Туул голыг хамгаалах бие даасан хууль гаргах, тусгай цагдаатай болох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллана гэдгээ илэрхийлж байв.




Өргөдлийн байнгын хорооны даргыг дагалдан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ой, ус, тусгай хамгаалалттай газар, Богд хан уулын Дархан цаазат газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд ажиллалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-06-12 18:08  242