УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Япон дахь Монгол Улсын соёлын элчийг хүлээн авч уулзлаа

  2019-08-02 16:50  103

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.08.02/  Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн ажлуудыг зохион байгуулж ирсэн ноён Каваүчи Широд талархал илэрхийллээ.

Энэ үеэр  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулсан Токио-2020 зуны олимп болон паралимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг дэмжих “Токио олимп сан”-д хоёр сая иен (50 сая төгрөг)-ий хандив, тусламжийг Каваүчи Широгийн зүгээс гардуулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2019-08-02 16:50  103