Цэс

Холбоо барих

Инфографик: Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. 


     Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталлаа.

   Уг хуулиар хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хууль 13 бүлэг, 166 зүйлтэй.

    Хөдөлмөрийн тухай хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулсан буюу хуулийн хамгаалалтад орж байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцож, хуулийн хамгаалалтад орох эрх нь үүснэ.


    Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үл ялгаварлан гадуурхах, хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах, барьцаа хэрэглэхгүй байх, нийгмийн түншлэлийг хангах, эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, шударга бус үйлдэл, албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийг тус тус хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах зэрэг суурь эрхийг хамгаалах зарчмуудыг тусгав.Тухайлбал, ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргахаар, харин ажил олгогч дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчин бүрдүүлэх үүрэгтэй байхаар хуульчилсан. Түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.


   



 Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах нийтлэг харилцаа, хөдөлмөрийн гэрээний хэлбэр, агуулга, хугацаа, хөдөлмөрийн гэрээнд шаардагдах баримт бичиг, гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг нөхцөлийг тодорхой болгож, хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх үүргийг нэмж тусгаж, иргэд хооронд байгуулах гэрээг тусгайлан зохицуулсан.Тухайлбал, ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш 1 жил хүртэлх хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгаж болохоор, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болохоор заасан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээ үйлчлэх хугацаанд ажил олгогч ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-аас доошгүй хувийн олговрыг сар бүр олгохоор хуульчилсан. Мөн ажилтныг үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулбал ажил олгогчдоо мэдэгдэх, цаашлаад ижил төрлийн үйл ажиллагаа, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах бол заавал ажил олгогчоос зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэсэн.

    Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтанг өөрөө зөвшөөрөөгүй бол амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдөр, шөнийн цагаар болон илүү цагаар ажиллуулах, томилолтоор явуулахыг хориглосон. Мөн эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад зориулж ажлын 10-аас доошгүй өдрийн цалинтай чөлөө олгохоор тусгасан.

    Дагалдангаар ажиллах, дагалдан суралцах, туршилтаар ажиллуулах, ажлын бүтэн бус цагаар ажиллуулах гэрээсээ, зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээтэй холбогдсон зохицуулалтыг шинээр тусгасан бөгөөд дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлөхөөр зохицуулсан. Түүнчлэн ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, эсхүл өөрийн сонгосон байршилд ажил олгогчийн, эсхүл өөрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор ажил үүрэг гүйцэтгэж цалин хөлс авахаар ажил олгогчтой тохиролцон гэрээсээ ажиллах, эсхүл ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулж болно.


  Хуулиар зохицуулагдаагүй байсан туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан болон тэдгээртэй адилтгах ажилтны хөдөлмөрийн харилцааг зохицуулж бусад ажилтны нэгэн адил хөдөлмөрийн харилцааны үндсэн эрх эдэлж, холбогдох үүргийг хүлээхээр хуульчилсан.Тухайлбал, туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд ажил олгогчийн гэрт, эсхүл ажил олгогчийн өмчлөлийн болон эзэмшлийн байранд амьдарч, ажиллах бол ажил олгогч тэдгээрийг хэвийн амьдрах нөхцөлөөр хангах, түүнчлэн нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцах, аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байрны нөхцөлөөр хангах, мөн ээлжийн амралт олгох үүрэгтэй. Бусдын малыг бие даан хөлсөөр маллахтай холбогдсон харилцааг Иргэний хуулиар зохицуулна. Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болох бөгөөд энэхүү цалин хөлс нь чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, мал, бусад эд хөрөнгө байж болох ба тэдгээрийн үнийг зах зээлийн дунджаас илүүгүй байхаар тооцохоор заасан.

  Уул уурхай, олборлолтын салбарт уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 14 хоног, амрах хугацааг 14 хоног болгосон бөгөөд дээр заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцохоор зохицуулсан. 

  Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулж болох бөгөөд энэхүү горимоор үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчид үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн байршилд уг горимыг хэрэглэнэ. Уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцож, гарах зардлыг хариуцна.

    Ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаарх мэдээллийг сар бүр өгч байхаар ажил олгогчид үүрэг болгосон.

    Ажилтны ажлын цагийн дээд хязгаарыг тогтоож өгсөн. Ингэснээр ажилтан нь ажил, амьдралын тэнцвэртэй байдлаа хадгалах нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй, ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй, насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй, долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна. Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг өмнө нь 1,15 дахин нэмэгдүүлж тооцдог байсныг 1,2 дахин болгон нэмэгдүүлсэн. 


    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүргийг хүлээсэн. Тухайлбал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд төлнө. Энэ төлбөрийг гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулж, төлбөр хураалт, зарцуулалт, үр ашгийн талаар жил бүр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнана.

    Хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцааны зохицуулалтыг шинээр тусгасан бөгөөд ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд энэ хуульд заасны дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтнаа өөр ажилд ажиллах хүч нийлүүлэх гэрээний үндсэн дээр ажиллуулж болно. Тухайлбал, хүлээн авагч дараах нөхцөлд ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулан ажилтан авч ажиллуулна. Үүнд зургаан сараас илүүгүй хугацаагаар үргэлжлэх түр ажил үүрэг гүйцэтгүүлэх, хамтын гэрээ байгуулах, хэлэлцээ хийх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа болон хууль ёсны ажил хаялтад оролцож байгаагаас бусад тохиолдолд ажлын байр нь хадгалагдсан ажилтны оронд ажиллуулах, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн үйл ажиллагаанд туслах шинжтэй ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах, урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх нөхцөл үүссэн.

    Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр авч ажиллуулах ажилтны тоо нь хүлээн авагч талын нийт ажилтны 30 хувиас хэтрэхгүй байх бөгөөд ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хүлээн авагч талтай харилцан тохиролцож үндсэн ажилтнаар нь ажиллах, эсхүл өөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахад нь ажиллах хүч нийлүүлэгч аливаа хэлбэрээр саад учруулах, торгууль, төлбөр авахыг хориглоно. Ажиллах хүч нийлүүлэх гэрээнд хүлээн авагч талын үндсэн ажилтны эрх, үүргээс дордуулсан эрх, үүргийг ажилтанд хүлээлгэхээр тохирч, тусгахыг хориглоно. Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл нь хүлээн авагчийн үндсэн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй адил байна.

    Ажил олгогч энэ хуульд заасан хугацаанд хамтын хэлэлцээг эхлүүлээгүй, түүнээс шалтгаалж хамтын хэлэлцээ зогсонги байдалд орсон, мөн ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгч хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн зуучлал болон арбитрын үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан, эсхүл зуучлалын шатанд хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд үйлдвэрчний эвлэл нь ажил хаялтыг санаачилж, зохион байгуулах эрхтэй байхаар хуульчилсан. Түүнчлэн ажилтан үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэхээсээ үл хамаарч ажил хаялтад сайн дураараа оролцох эрхтэй бөгөөд ажил хаялтад оролцох, түүнийг үргэлжлүүлэх, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд ажил хаялтыг зогсоох, түүнд оролцохоос татгалзахыг ажилтанд тулган шаардаж болохгүй байхаар зохицуулсан.

Хөдөлмөрийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй бөгөөд харилцан тохиролцож шийдвэрлэж чадаагүй тохиолдолд хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргааныг зохицуулах, хөдөлмөрийн арбитраар маргааныг эцэслэн шийдвэрлэх гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Тухайлбал, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд анхаарч сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны эрхийг өргөжүүлэх, хөдөлмөрийн эрхийн маргааныг эвлэрүүлэн зохицуулах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулахаар зохицуулсан.

    Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн 16 хуулийн төсөл болон хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж, тус тус баталсан.

Улсын Их Хурлын Тамгын газар


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл