Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалемыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр НҮБ-ын эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан тусгай илтгэгч Рем Алсалемыг өнөөдөр /2021.11.30/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хүний эрхийн дэд хороо нь үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Хүний эрхийн асуудал дээр бодлогын дэмжлэг, парламентын манлайлал үзүүлэх, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, ХЭҮК-оос гаргаж буй жил бүрийн тайлан  хэлэлцэх, УИХ-ын шийдвэрийн санал, дүгнэлт, төслийг боловсруулах зэргээс гадна хүний эрх зөрчигдөж байгаа тодорхой асуудлуудыг нээлттэй сонсгол хэлбэрээр хэлэлцдэг” хэмээн Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны талаар товч танилцуулсан юм.

 

НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалем эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилт, хяналт, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд жендэрт суурилсан хүчирхийллийн талаар хэрхэн тусгасан байдаг талаар, олон улсад хэрэгжиж буй хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжуудтай Монгол Улсын хүчирхийллийн тухай хууль тогтоомжууд хэрхэн уялддаг талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодруулж, мэдээлэл солилцов.  


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “ Манай улс 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр УИХ хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих, шалгалт чиг үүргийг өргөтгөсөн.  Парламентын хяналт шалгалтын хуулийг хэлэлцэх шатандаа явж байна. Удахгүй эцэслэн батална” хэмээв. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллийн талаар хэрхэн тусгасан, хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж байгаа, хэрхэн үр өгөөжөө өгсөн талаар мэдээллүүдийг өглөө.

Уулзалтын төгсгөлд “Энэ жил Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жилийн түүхэн ой тохиож буй. Хүний эрхийн төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэгч улс байхын төлөө ажиллаж байна. Бид ардчилал, шинэ Үндсэн хууль, зах зээлийн зарчмаар яваад 30 жил боллоо. Хүний эрхийн тухай хууль тогтоомж гэхээсээ гадна хүн бүрийг хүний эрхийн мэдрэмжтэй байх, хүн хүнээ хайрладаг байх соёлтой нийгмийг бий болгож өөрчлөхийн төлөө явж байна. Бид НҮБ-ын идэвхтэй гишүүн байж, хүний эрхийн бодлого санаачилгаар үргэлж дэмжигч байна” гэдгээ илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл