Цэс

Холбоо барих

ИНФОГРАФИК: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хууль

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна.

САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

            Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

            Хуулийн зорилт нь Монгол Улсын баруун, баруун өмнөд бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн 13 захиргаадын менежментийг бэхжүүлэх, тухайн газар нутагт амьдран суугаа орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэж байна.


Монгол Улсын Засгийн газрын 13.3 тэрбум төгрөгийн санхүүжилт болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай 13 газар нутгийн экологийн коридор, кластер, менежментийг бэхжүүлнэ.

Төслийн II шатны санхүүжилтийн хүрээнд Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, төслийн I шатны гүйцэтгэлийг дэмжихээс гадна тусгай хамгаалалттай газар нутгуудын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ховордсон амьтад, ургамлын экосистем, генетикийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах, нөөцийг нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын тэнцвэрт тулгуурласан үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн дэд төслүүдийг хэрэгжүүлнэ.


Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл