Цэс

Холбоо барих

ИНФОГРАФИК: Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн танилцуулга

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  Энэ хуулийн зорилт нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичиг, батлан хамгаалах багц хуулиудтай нийцүүлэн улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулахад оршино. Энэхүү хууль нь анхдагч хууль бөгөөд 6 бүлэг, 24 зүйлтэй.

Хуулийн гол үзэл санаа нь тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тогтоох замаар Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар Монгол Улсыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийлэлээс ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгож байгаа явдал юм. Холбогдох хуулиудад зааснаар Монгол Улс орон нутгийн хамгаалалтад суурилсан батлан хамгаалахын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх бөгөөд орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд батлан хамгаалах тогтолцооны үндсэн гурван тулгуурын нэг юм. 

Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд:

- орон нутгийн хамгаалалт, түүний зохион байгуулалт, үндсэн арга хэмжээтэй холбоотой зохицуулалт;

- орон нутгийн хамгаалалтын нөөц, орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, орон нутгийн хамгаалалтын сургалттай холбогдох эрх зүйн зохицуулалт;

- орон нутгийн хамгаалалтын удирдлага, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт;

 - нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх болон хуулийн этгээд, иргэний үүрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалт; 

- орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээний санхүүжилт, орон нутгийн хамгаалалтын нууцлалт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэрэг харилцаатай холбоотой эрх зүйн зохицуулалт. 


Энэхүү хууль нь төрийн бүх шатны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, иргэн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд орон нутгийн хамгаалалтыг зэвсэгт хүчний үйл ажиллагаа, улсын болон цэргийн дайчилгааны бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулна. 

Орон нутгийн хамгаалалтын үндсэн нэгж нь аймаг, нийслэл байх бөгөөд орон нутгийн хамгаалалтыг нутаг дэвсгэрийн зарчмаар аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулж, сум, дүүрэгт орон нутгийн хамгаалалтыг аймаг, нийслэлийн Засаг даргын удирдамжийн дагуу зохион байгуулна.

Орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээ нь тайван цагийн болон онц болон дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээ гэж хоёр үндсэн төрөл байх бөгөөд эдгээр арга хэмжээ нь орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах, уламжлалт аюулаас урьдчилан сэргийлэх, уламжлалт бус аюулаас хамгаалах, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар улсыг батлан хамгаалахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. 

Уг хуулиар орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийг байгуулах ба томилгоот нэгжийн бие бүрэлдэхүүнийг дайчилгааны бэлтгэл нөөцийн чөлөөт бүрэлдэхүүнээс сонгон томилно. 

Орон нутгийн хамгаалалтын сургалтыг цугларалт, хээрийн дадлага, нэгдсэн сургууль гэсэн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хамрагдах бүрэлдэхүүнээр аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын; орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүн, бусад албан тушаалтны болон орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний гэж ангилсан байна. 

Орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах удирдлагыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх бөгөөд дайны байдлын үеийн орон нутгийн хамгаалалтын зэвсэгт тэмцлийн удирдлагыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын удирдамж, төлөвлөгөөгөөр хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан.  

Хуульд аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах, орон нутгийн хамгаалалтын хүч хэрэгслийг томилгоожуулах, орон нутгийн хамгаалалтын нөөцийг бүрдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, техник, материал хэрэгслийг даалгаваржуулах зэрэг бүрэн эрхийг тусгаж өгснөөс гадна  иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүргийг тодорхой тусгасан байна.  

Хууль батлагдсанаар тайван цагт болон улс оронд онц болон дайн байдал тохиолдсон үед төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэд орон нутгаа хэрхэн хамгаалах, орон нутгийн хамгаалалтад бэлтгэх замаар улс орноо батлан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээнүүд цогц байдлаар хэрэгжих эрх зүйн зохицуулалт бий болж, улс орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдах юм.

Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын батлан хамгаалах /Шинэчилсэн найруулга/ тухай, Дайчилгааны тухай, Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжид холбогдох нэмэлт, өөрчлөлтүүд орсон болно.


Хууль, эрх зүйн хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл