Хяналт шалгалт, үнэлгээний газар

  2022-03-28 10:40  127

Анх 1994 онд Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дотоод нэгжид Хяналт шалгалт хариуцсан ахлах зохион байгуулагч 1, зохион байгуулагч 4 ажиллаж эхэлжээ. Улмаар 1996 онд Хяналт шалгалтын хэсэг болж, 2000 онд Хуулийн хэлтсийн харьяанд ахлах зохион байгуулагч бөгөөд хэсгийн ахлагч 1, хяналт шалгалтын 4 зохион байгуулагчтай Хяналт шалгалтын хэсэг болсон байна.

Харин 2001 онд Тамгын газрын бүтцэд Хяналт шалгалтын хэлтэс байгуулагдаж, 2003 онд өргөжүүлж, хэлтсийн дарга, 1 зөвлөх, 5 референт, 1 зохион байгуулагч, нийт 8 орон тоотой болгожээ. 2008 оноос Байнгын хороодын ажлын албаны дэргэд Хяналт шалгалтын хэсэг, 2012 оноос мөн албаны бүтцэд Хяналт шалгалтын болон Төсвийн шинжилгээний хэсэг болж ажилласан байна.

Улмаар 2013 онд Тамгын газрын бүтцэд Хяналт, үнэлгээний хэлтсийг Төсвийн шинжилгээний хэсэг, Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих алба гэсэн үндсэн нэгжтэй, хэлтсийн дарга, албаны 3 зөвлөх, 16 референт, нийт 20 орон тоотой байгуулжээ. Тэр үеэс хойш энэхүү бүтцээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 онд хийсэн Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс болж, Хяналт шинжилгээ, үнэлгээний, Судалгаа, мэдээлэл, лавлагааны, Төсвийн шинжилгээний гэсэн 3 албатай, 24 орон тоотойгоор чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн юм.

УИХ-ын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилтын үүднээс Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 154 дүгээр захирамжаар Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийг Хяналт шалгалт, үнэлгээний хэлтэс болгож өөрчлөн зохион байгуулсан.

Улмаар Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, нэгжийн чиг үүргийг эрх зүйн шинэ орчинд нийцүүлэх зорилтын хүрээнд Ерөнхий нарийн бичгийн даргын 2020 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 560 дугаар захирамжаар уг хэлтсийг Хяналт шалгалт, үнэлгээний газар болгож өөрчлөн зохион байгуулснаар Хяналт шалгалтын хэлтэс, Төсвийн хяналт, шинжилгээний хэлтэс гэсэн хоёр хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үндсэн чиг үүрэг:

Хяналт шалгалт, үнэлгээний газар нь УИХ-ын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд УИХ, Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийг хангах, Ерөнхий сайдын мэдээлэл, УИХ-ын гишүүний асуулга, асуултын хариуг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ажлыг зохион байгуулах, УИХ-аар төсвийн төсөл хэлэлцэх, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, бодлогын зөвлөмж гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.


  2022-04-21 12:19  127