Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн нээлттэй хуралдаан болов

  2018-01-03 15:15  347

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар  байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх" үүрэг бүхий Ажлын хэсгийн нээлттэй хуралдаан өнөөдөр (2018.01.03) Төрийн ордонд боллоо.


Уг хуралдаанд Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны академи зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Ажлын хэсгийн анхны хуралдаанаас агаарын бохирдлыг бууруулах талаар эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг сонсох шаардлагатай гэсэн санал  гарсан. Иймд нээлттэй хуралдааныг энэ чиглэлээр хийхээр болсон” гэдгийг онцлов.

Хуралдаанд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа дүгнэлт гаргах Ажлын хэсгээс хийсэн ажлын талаарх мэдээллийг танилцуулав.

Тэрбээр мэдээлэлдээ, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийн шийдэл, тээврийн хэрэгслээс гарч байгаа утааг багасгах гэсэн чиглэлээр гурван Дэд ажлын хэсгийг байгуулж ажилласан. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хороолол, 12-13 хувийг тээврийн хэрэгсэл, 7-8 хувийг цахилгаан станц, уурын зуухны яндангийн утаа эзэлж байна. Агаарын бохирдлыг бууруулах суурь асуудал нь гэр хорооллын утааг багасгах явдал юм. Иймд 200 мянга гаруй өрхийн гэрийн дулааны алдагдлыг багасгах нь хамгийн гол зорилт гэж Ажлын хэсэг үзсэн бөгөөд зориулалтын дулаалгыг хямд өртгөөр нийлүүлэх, 20-24 хэмд дулаанаа удаанаар барьж, нөөцөлдөг дулааны аккумуляторын үйлдвэрийг барих зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай байна. Түүнчлэн цахилгаан түгээх сүлжээнүүдийг шинээр барих, цахилгаан сүлжээг өргөтгөх шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд цахилгаан түгээх сүлжээг шинээр барихад 55.8 тэрбум төгрөг,  цахилгаан түгээх сүлжээнд өргөтгөл хийхэд  24 тэрбум төгрөг, нийт 80,4 тэрбум шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Мөн нийтийн тээврийн автобусыг дизел түлшээр бус хийгээр ажиллуулдаг болгох, авто тээврийн хэрэгслийн ялгаруулж байгаа утаагаар татварыг нь ялгаатай тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, агаарын бохирдлыг бууруулахад нэгдсэн төлөвлөгөөтэй, хариуцсан эзэнтэй, шат дараатай зоримог алхам хийж чадвал утааг багасгах боломж байна гэж байлаа.


Мэдээлэлтэй холбогдуулж Ажлын хэсгийн гишүүн, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Мөн хуралдаанаас Ажлын хэсгээс гаргасан удирдамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай  биечлэн танилцаж, санал сонсохоор тогтлоо. Удирдамжид 2018 оны 01 дүгээр сарын 04-12 ны өдрүүдэд Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Л.Болд нар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, Ажлын хэсгийн гишүүн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт,  Ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очироор ахлуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, агаарын бохирдлыг бууруулах талаар мэдээлэл цуглуулж, тодорхой санал бэлтгэн Ажлын хэсэгт танилцуулахаар тусгагджээ.

Түүнчлэн маргааш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдааныг хийж Дэд ажлын хэсгийг байгуулах, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар зайлшгүй шаардлагатай хууль, тогтоомжийн төслийг яаралтай боловсруулах зэрэг тодорхой чиглэл өгсөн тогтоолын төслийг бэлтгэж хэлэлцүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 


  2018-01-03 15:15  347