Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.11.10) хуралдаан 11 цаг 21 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Засгийн газраас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн хүснэгтийн 7 дахь заалт буюу нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2022 онд “5,116.1” гэснийг “5,197.1” гэж, мөн заалтын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2022 онд “10.9” гэснийг “11.1” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь дэмжив.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Хуралдаан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төсөлтэй Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгтгэж хэлэлцсэн тул уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй болж, нийт хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Энэ талаарх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийх үед Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дэмжигдсэн ч хуралдаан даргалагчаас уг саналаар дахин санал хураах шаардлагатай гэсэн чиглэлийг өгсөн. Энэ дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3.-т заасны дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураахыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос дээшгүй хувь нь дэмжлээ. Иймд төслийн “29.13.Хилийн боомтын захиргаа нь хилийн боомтод цацраг хими, биологийн осол болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 29.9-д заасан чиг үүргээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж өөрчлөх, мөн төсөлд “Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаан даргалагчаас “Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох хэсэг, зүйл, заалттай уялдуулах чиглэлийг өгсөн.
“Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал, Б.Пүрэвдорж, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, санал хэллээ.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1.-т заасны дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, тогтоолын төсөлд:
“1.2.Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн албанд ашиглаж байгаа суудлын автомашины ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагаас бусад төрийн байгууллагуудын суудлын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттайгаар хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах;”
“1.3.2022 оны төсвийн жил төсвийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний хэмжээг өмнөх оны хэмжээтэй харьцуулахад 2 дахин нэмэдүүлэх;”
“1.4.улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах;
1.5.улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө УИХ-д танилцуулах ;
1.6.Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхдээ дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх, хөгжлийн бодлогод нийцсэн нотолгоо, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
1.7.төсвийг төлөвлөх, шат шатанд өргөн мэдүүлэх, нэгтгэх, дүн шинжилгээ хийх үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлж, ил тод, нээлттэй болгох;
1.8.Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аудитын дүгнэлтэд дурдсан төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судлан үзэж, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулж 2022 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэсэн дэд заалтууд нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.
Нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасан хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1.-т зааснаар хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүн өөрчлөгдөхгүйгээр, үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийхтэй холбоотой Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулсан.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгүүдийг хийлээ.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр төсвийн тооцоололтой холбоотой шаардлагатай бол холбогдох хууль тогтоолын төслийг боловсруулах талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хорооноос Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хууль, тогтоолын төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар нарын асуултад Ажлын хэсгийн зүгээс хариулт өгсөний дараа хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй саналууд гаргаагүй юм.
Иймд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа дээрх хоёр хууль, нэг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн батлах горимын саналуудыг гаргасанд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Хууль, тогтоолын төслүүдийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Х.Баделхан, С.Ганбаатар нар чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар болов.
Хуралдаан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Авлигатай тэмцэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвтөө багтаан, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох саналаа УИХ-д ирүүлсэн байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хорооноос боловсруулсан уг тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй.
Иймд Байнгын хорооноос гаргасан "Тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй" гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд “11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслүүд, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг асуудлыг хэлэлцэн батлахаар тусгасан байлаа.
Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.