“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 48 дугаарын тойм

  2021-12-27 15:38  227

Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт батлагдсан хуулиудыг нийтэлжээ.


Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам гэсэн заалт нэмсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд хэмээсэн заалт нэмсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээрх сайд нарын эрхлэх асуудлыг тусгажээ.

Мөн дугаарт Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

2022 онд Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2022-2024 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулна. Инфляцыг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын шийдвэрийг гаргахдаа зах зээлийн зарчимд тулгуурлан нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн шууд бус нөлөөг нягтлан үзэж, эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байх зарчмыг баримтална хэмээн тусгажээ. Түүнчлэн Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгийн сэргэлт, дунд хугацааны макро тогтвортой байдлыг дэмжсэн зээлийн тогтвортой өсөлтийг хангаж, банкны системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, Төв банкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлж, бодлогын ил тод байдлыг хадгалж ажиллана хэмээн заажээ.

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж байгаа зохицуулалтыг хэвийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, банк хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн шаардлагын хүрээнд хяналт шалгалт, зохицуулалтыг боловсронгуй болгож мөрдүүлэх, банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаа, үр дүнд үндэслэн эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг арилгаж нэгдмэл байдлыг хангах, зээлийн мэдээлэл, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, буцаан худалдан авах барьцаат санхүүжилтийн хэлцлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээ авахаар тусгажээ.

Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд Төв банкны цахим мөнгө гаргах талаар судалж, хөгжүүлж, үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2021-12-27 15:38  227