УИХ-ын 24 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороо байгуулж, Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

  2021-03-26 17:07  382


 Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар COVID-19 цар тахлын эрсдэлээс иргэд, эдийн засгаа хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газар, УОК-оос олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлж байгаатай холбогдуулан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, цар тахлаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга хэмжээ нь вакцинжуулалтын ажил болохыг онцлоод Монгол Улсад  вакцинжуулалт эхэлснээс хойш нэг сар болж, энэ хугацаанд нийт 250.0 шахам мянган иргэнээ вакцинжуулаад байгааг дурдав. Гэсэн ч халдварын цар тахал буурахгүй, халдварын эерэг тохиолдол Улаанбаатар хот төдийгүй хэд хэдэн аймагт бүртгэгдээд байгааг дурдаад Эрүүл мэндийн яамны мэдээгээр халдвар авсан хүмүүсийн тоо өдөрт 200-гаас буухгүй байна.  Тиймээс Засгийн газар, УОК, байгууллага, иргэн бүрээс анхаарал болгоомж нэн их шаардсан, хамгийн амаргүй бэрхшээлтэй, онцгой цаг үе тулгараад байгааг анхаарууллаа.


Түүнчлэн УИХ-ын дарга  нийт иргэдэд хандаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөө халдвараас сэргийлэх, сэрэмжлэх талаар хүн бүр онцгой анхаарах, халдвар хамгааллын дэглэмийг гэр орон, ажлын байрандаа сайтар баримтлах, хүн нэг бүр амны хаалтыг байнга зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, олноор цугларахаас аль болох татгалзах, онцгой шаардлага гараагүй бол аймаг, орон нутаг руу зорчихгүй байх, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, ойр тойрныхноо бүрэн хамруулах, вакцины талаарх сөрөг, буруу мэдээлэл, ам дамжсан, шинжлэх ухааны баталгаа, нотолгоогүй мэдээлэлд итгэх, түгээхээс аль болох зайлсхийхийг уриаллаа. 

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон ч уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс завсарлагааны хугацааг сунгах санал гаргасныг тус бүлгийн дарга Д.Ганбат уламжлав. УИХ-ын дарга уг саналыг нь хүлээн авч, өдрийн 12 цаг хүртэл хэлэлцүүлгийг хойшлуулав. 


Байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай  тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа

Дараа нь “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох  хэсгийг  үндэслэн  Улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгажээ. 

Ингээд “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64,1 хувь нь дэмжив. 

Үргэлжлүүлэн "Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Төрийн  байгуулалтын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа “Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.


Тэрбээр танилцуулгадаа, Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайханг Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Гочоогийн Ганболдыг Дэд хорооны гишүүнээр батлахаар тогтож, Улсын Их Хурлын тогтоолын төслийн боловсруулсныг онцлоод уг тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг дурдав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69,2 хувь нь дэмжив. 

“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуралдаан “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүнээс өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан.  

Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нар Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Ё.Баатарбилэг гишүүн танилцуулгадаа дурдав. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариултдаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах саналыг хүлээн авах боломжтой гэж байлаа.

Ингээд “Түр хороо байгуулах тухай” тогтоолын 1 дэх заалтын түр хорооны гишүүд гэсэн хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар" гэж нэмэх гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 


Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан түр завсарлав. 

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хороог 24 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа

    Төрийн байгууллалтын байнгын хорооны хуралдааны дараа 12 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүнээс 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.


    Санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Тогтоолын төслийн 1 дэх заалтын түр хорооны гишүүд гэсэн хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ” гэж нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 46 нь дэмжсэн юм. Дараа нь дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 75.4 хувь нь дэмжин, төслийг баталсан тул тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга танилцуулав.

    “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог 24 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Түр хороог даргалах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, П.Анужин, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нар ажиллана.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томиллоо


    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэв. 2021 оны гуравдугаар сарын 25-ны үдээс хойших хуралдааны үеэр тус асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг нэг өдрийг завсарлага авсан, өнөөдрийн хуралдааны эхэнд дахин нэг цагийн завсарлага авсан нь дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Н.Ганибал танилцуулсан. Дараа нь Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 53 нь дэмжлээ. Ийнхүү нэр дэвшигчийг томилохыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжснээр “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан тул Улсын Их Хурлын дарга тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар хэсгийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсгийг үндэслэн Улсын дээд шүүхийн санал болгосноор Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Шарын Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөхөөр тогтоолд тусгажээ. Энэхүү тогтоолыг 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс дагаж мөрдөх юм байна.


    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр амжилттай ажилласан Шарын Цогтоод Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар талархал илэрхийлээд “Шинээр томилогдож буй Ж.Эрдэнэбулган гишүүнд гагцхүү Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, хэнээс ч хараат бусаар, Үндсэн хуулийн манаанд зогсох үүргээ чин шударгаар биелүүлэхийг хүсье. Улсын дээд шүүх, ойрын хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах хоёр дахь саналаа хэлэлцүүлээрэй” гэлээ.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдаг бөгөөд үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, хуулиудыг баталсан юм. Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг Улсын Их Хурлын 45 гишүүн дэмжсэн юм. Ийнхүү хууль батлагдсан тул Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулав.


   Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол холбогдох болон бусад Байнгын хороог Зөвлөлтэй зөвшилцөн тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороодыг мэдээллээ. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төсвийн болон Нийгмийн бодлого, Эдийн засгийн байнгын хороонд хуваарилжээ. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд, Хууль зүйн туслалцааны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хороонд, ““Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороонд, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тус тус хуваарилжээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2021-03-26 11:18  382