“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 45 дугаарын тойм

  2019-11-28 10:05  54


Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг нийтэлжээ.

Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт орсон юм.  Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүйд ард түмэндээ хүртээх, өвлүүлж үлдээх томоохон зохицуулалтыг Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөд оруулж өгсөн бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно" гэсэн зарчмын шинжтэй маш чухал заалтууд оруулсан билээ.

Улс төрийн намтай холбоотой тухайлсан заалт Үндсэн хуульд байгаагүй бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр гурван заалт орууллаа. Нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасан юм. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах тухай заалтыг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тусгайлан зохицуулж өгчээ. Түүнчлэн намын санхүүжилт ил тод байх, үйл ажиллагаа нь үндсэн чиглэл, үзэл баримтлалтайгаа нийцсэн байхаар тусгасныг дурдаад, үүнтэй нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж батлахаар хуульд тусгажээ.

Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоохоор зохицуулжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам 75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар нэмэгдүүлсэн, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах зэрэг чухал заалтууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж батлагдсан юм

Мөн Улсын Их Хурлын гишүүдийг хариуцлагатай байлгах, хууль зөрчихгүй байх, өргөсөн тангарагтаа үнэнч байхтай холбоотой чухал заалтуудыг Үндсэн хуульд тусгаж өгчээ.

Түүнчлэн “давхар дээл”-ийг тайлж, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүн байхаар хязгаарлалт тогтоож, Улсын Их Хурлаар томилогдсон Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг байх зохицуулалт оруулсан юм.

Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор тусгаж, шүүхийг, шүүгчийг хараат бусаар ажиллах бололцоог бий болгох тодорхой зохицуулалтуудыг бий болгосон байна.

Төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох асуудлыг шийдэж өгсөн нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал шийдэл болсон. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж зааж, мөн хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэхээр болж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхлэх бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тодорхой зохицуулалтуудыг оруулж өгсөн. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтлахаар, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар заажээ. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу бусад хот, дүүрэг, тосгоны өөрийн улирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг судлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр  заажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2019-12-03 10:05  54