Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 14 дэх дугаарын тойм

   

 “Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн 2017 оны 14 дэх дугаарт Соёмбот хөшөө босгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

    Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдал, монголчуудын түүх соёл, өв уламжлал, хөгжил дэвшил, Монгол орны мөнх оршихуйг билэгдсэн Соёмбот хөшөөг Монгол Улсын хилийн хамгийн зүүн цэг-Соёлз уулын Модтой хамар-т, Монгол Улсын хилийн хамгийн өмнөд цэг-Орвог гашууны Бор толгой-д, Монгол Улсын хилийн хамгийн баруун цэг-Алтай Таван Богд уулын Цаст даваа-д, Монгол Улсын хилийн хамгийн хойд цэг-Монгол шар даваа-д тус тус бүтээн босгож, үеийн үед сахин хамгаалахыг Ерөнхийлөгч зарлиг болгосон байна.

    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигуудыг нийтэлжээ.

    Хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаарт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протоколыг нийтэлсэн байна.

    Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүс хүний бүх эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэх явдлыг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, түүнчлэн тэдэнд угаас заяасан нэр төрийг хүндэтгэн дэмжих зорилготой уг конвенцод Монгол Улс 2008 оны 12 дугаар сард нэгдэн орсон бөгөөд манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан алагчлалгүйгээр хүний бүх эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх явдлыг хангах үүрэг хүлээх болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн адил тэгш байдал, үл алагчлал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, тэдгээр хүмүүсийн эрхийн талаар хэрхэн тусгасан талаарх мэдээллийг хууль тогтоомжийн эмхэтгэлээс авах болно хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл