Улсын Их Хурал - Энэ долоо хоногт (2022.05.02-05.06)

  2022-05-09 14:21  263

Улсын Их Хурлын Тамгын газраас Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Улсын Их Хурлын гишүүдэд зориулан “Хууль тогтоомжийн ил тод байдал ба шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2022.05.03 http://parliament.mn/n/7r4yn

Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Э.Батшугар, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.05.03 http://parliament.mn/n/7e4yn

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар “Зөвлөл байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. 2022.05.03 http://parliament.mn/n/7c4yn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуралдаан Үндэсний статистикийн хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлан, мэдээллээр үргэлжиллээ. Хуралдааны төгсгөлд, Монголбанкнаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хороонд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичиг ирүүлсэнтэй танилцаж, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 2022.05.03 http://parliament.mn/n/7h4yn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард тус байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглаврыг баталлаа. 2022.05.04 http://parliament.mn/n/6c4yn


Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зургаан хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
2022.05.04 http://parliament.mn/n/6o4yn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжив. 2022.05.04 http://parliament.mn/n/6h4yn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан эхлээд Ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсгийн удирдамжийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа. Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Үргэлжлүүлэн Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийн явцын тайланг сонссон. 2022.05.04 http://parliament.mn/n/9e4yn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа. 2022.05.04 http://parliament.mn/n/9c4yn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ-ын удирдлагууд, Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөллийн уулзалт өнөөдөр болж, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцов. 2022.05.05 http://parliament.mn/n/9o4yn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн  төслүүдийн зөвшилцөх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Дараа нь Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг  хэлэлцэн дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 2022. 05.05 http://parliament.mn/n/yy4on

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Дараа нь “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан батлагдсан 153 хууль, тогтоолын төслийн эцсийн найруулгыг уншиж, сонсгосноор хуралдаан өндөрлөлөө. 2022.05.05 http://parliament.mn/n/br4on

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2022.05.05 http://parliament.mn/n/by4on

Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран “Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг”-ийг Төрийн ордонд зохион байгуулав. 2022.05.05 http://parliament.mn/n/yh4on


Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 2022.05.06 http://parliament.mn/n/bo4on

Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран цуврал хэлэлцүүлэг, санал солилцох уулзалтуудыг хийж байгаа бөгөөд эмнэлгийн мэргэжилтний эрсдэлийн болон хариуцлагын даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар ээлжит уулзалтыг хийлээ. 2022.05.06 http://parliament.mn/n/ba4on

Монголын баялаг бүтээгчдийн холбооноос санаачилсаны дагуу УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр нар Мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөлөлтэй уулзаж, хуулийн төслийн талаар санал солилцлоо. 2022.05.06 http://parliament.mn/n/bh4on

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Тураг гогой буюу хар галууны экологийн асуудал” сэдвээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2022.05.06 http://parliament.mn/n/ny4on

Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2022.05.06 http://parliament.mn/n/nr4on


  2022-05-09 11:21  263