Цэс

Холбоо барих

Ажлын хэсэг хуралдлаа


УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсронгуй болгох Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн  Ж.Батжаргал, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Ц.Цэрэнпунцаг нар ажиллаж байна.     Уг ажлын хэсэг /2022.02.14/ хуралдлаа.

Хурлаар Ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэв. Ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэлийг дэмжиж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа билээ.

Түүнчлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх үүднээс угаасан ноолуурын экспортыг хязгаарлах, самнаж боловсруулсан ноолуурыг экспортлох чиглэлийг баримтлан ажиллах талаар ажлын хэсгийн гишүүд санал хэлж байв.

 

Цаашид ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж байгаа үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх, монгол ноолуурыг олон улсад сурталчлах, таниулах зэрэг асуудлуудаар санал солилцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл