Цэс

Холбоо барих

Г.Занданшатар: Тоон гарын үсэг бол цахим хувьсгал, цахим өөрчлөлтийн томоохон дэвшил, тулгуур суурь нь юм

Улсын Их Хурлаас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, эцэслэн баталсан билээ. Уг хууль 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар өнөөдөр (2022.05.09) хуулийн хэрэгжилтийн хүрээнд тоон гарын үсгээ авлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийт ард иргэддээ хандан тоон гарын үсэгтэй болох ажилд идэвхтэй хамрагдахыг уриалав. Тэрбээр, “Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажилд Улсын Их Хурлын гишүүд манлайлан оролцох хэрэгтэй. Нэн тэргүүнд Инноваци, цахим бодлогын байнгын хороо үүн дээр идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай. Тоон гарын үсгийг дагаад хэмнэлт жинхэнэ утгаараа бий болно. Хэмнэлт гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжих бус үр ашгийг сайжруулах, цаг хугацааг хэмнэхийг ч бас хэлнэ. Монгол Улсын өнцөг булан бүрээс цахим гарын үсгээр төрийн үйлчилгээ, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн гэх мэт бүх үйлчилгээг авах боломж нээгдэж байна. Тоон гарын үсэг бол цахим хувьсгал, цахим өөрчлөлтийн томоохон дэвшил, тулгуур суурь нь юм” хэмээлээ.


Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “УИХ-ын даргын санаачилгаар цахим, цаасгүй парламент болох зорилтыг дэвшүүлээд, бид өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг байгуулан иргэдтэй хамтран хууль санаачлах “D-Parliament” цахим портал, аппликейшныг нэвтрүүлсэн. Иргэд уг аппликейшнээр дамжуулан хууль санаачлах үйл ажиллагаанд оролцох эрхтэй болж байгаа. Энэ эрхийг хангуулахад Тоон гарын үсэг бодитой хувь нэмрээ оруулах болно. Тоон гарын үсгээр дамжуулаад хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид, олон нийтэд нээлттэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тоон гарын үсгийг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд манлайлан оролцох хэрэгтэй” гэв.


Улсын бүртгэлийн ерөнхий газар ирэх зургаадугаар сараас тоон гарын үсгийг ухаалаг гар утсаар дамжуулан авах боломжтой апликейшныг хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа аж.


Өнөөдрийн байдлаар 10 мянга орчим иргэн тоон гарын үсгээ авчээ. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломжууд бүрдэнэ. Иргэд өөрт ойрхон байрлах  бүртгэлийн байгууллагын салбар, нэгжээс биечлэн очиж тоон гарын үсгээ авахаас гадна цахим төхөөрөмж ашиглан таниулах боломжтой юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл