“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 14 дугаарын тойм

  2020-04-13 11:14  257


Эмхэтгэлийн шинэ дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүгчийг сонгон шалгаруулах журам батлах тухай, Төрийн аудитын тэргүүн түшээ зэрэг дэв олгох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүнд зэрэг дэв олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Шүүгчийг сонгон шалгаруулах журмаар бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлэх, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулах ажиллагааг зохицуулах юм байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг жилд хоёроос доошгүй удаа, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтыг сул орон тоо зарлагдах бүрд зохион байгуулах аж. Сонгон шалгаруулалт анхан шатны шүүхийн шүүгчийн; давж заалдах шатны шүүхийн шүүгчийн; хяналтын шатны шүүхийн шүүгчийн; анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн гэаэн төрөлтэй байх бөгөөд Мэргэшлийн хороо сонгон шалгаруулалтын хүрээнд суурь болон тусгай шалгалтыг зохион байгуулж, шалгалт тус бүрийг 100 хүртэл оноогоор үнэлнэ. Нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-4.1.9 дэх заалтад заасан шаардлагыг хэрхэн хангасныг шалгаж, үнэлгээ гаргах бөгөөд нэр дэвшигчийн Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, монгол хэлний бичгийн болон ярианы чадвар, хэрэглээний программ ашиглах чадвар, эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвар, хуульчийн ёс зүйн мэдлэгийг суурь шалгалтаар, салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар, салбар эрх зүйн мэдлэг /сорил/, ёс зүй, зан төлөв /намтар судлах/, мэргэшсэн байдлыг тусгай шалгалтаар үнэлэх юм байна.

Суурь шалгалтыг шүүгчээр ажиллаж байгаа нэр дэвшигчээс суурь шалгалт авахгүй.

Сонгон шалгаруулалтад орж буй нэр дэвшигч суурь шалгалтад авбал зохих 100 онооны 60 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тусгай шалгалт өгөх эрхтэй болно. Нэр дэвшигчийн суурь болон тусгай шалгалтын оноо тус бүр 60 ба түүнээс дээш байвал Мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн гэж үзнэ хэмээн журамд заажээ.

Мөн дугаарт Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Уг тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ыг баталсан бөгөөд хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэн хөгжүүлэх замаар хоршооны үүрэг оролцоог нэмэгдүүлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хөтөлбөрийн зорилго оршиж буй юм.

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд хоршооны хөгжлийг дэмжсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах; төр болон хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, үр дүнг сайжруулах; хоршоог хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх; хоршоогоор дамжуулан түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээний оновчтой тогтолцоог бий болгох замаар орон нутгийн хөгжлийг дэмжих; хоршооны “Сайн засаглал”-ыг төлөвшүүлэн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлэх юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2020-04-17 11:14  257