УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн шатрын онлайн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад амжилт хүслээ

  2020-08-15 16:43  159

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.08.15/ Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзан, амжилт хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын үед олимп наадмууд хойшилж байгаа ч шатрыг онлайнаар тоглож болох давуу талтай.  Баг тамирчдад дэлхийн оюуны олимпид эх орноо төлөөлөн амжилттай оролцохыг  хүссэн юм. 


Дэлхийн Шатрын Олимпиад нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг оюуны спорт болох шатрын олимпийн наадам билээ. Энэ жил дэлхий нийтийг цочроосон цар тахлаас 44 дэх удаагийн Дэлхийн Шатрын Олимпиад 2021 онд зохион байгуулагдахаар хойшилсон. Гэвч цахим орчинд тоглож болдог шатрын спортын давуу талыг Дэлхийн Шатрын Холбоо харгалзан үзэж олимпийн хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тул Анхдугаар гэх тодотгол дор Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадыг зохион байгуулахаар төлөвлөж байна.


Дэлхийн Шатрын Холбоо 2020 оны 7-р сарын 25-ны өдрөөс 8-р сарын 30-ны өдөр хүртэл www.chess.com цахим сайт дээр Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадыг зохион байгуулж байна. Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадад 163 орны баг, тамирчид 5-н хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд манай орны хувьд тэргүүн хэсэгт тоглоно. Өнгөрсөн 2018 оны Дэлхийн Шатрын  Олимпиадын эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг 5-н байрт шалгарсан өндөр амжилтаар Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадад тэргүүн хэсэгт тоглох эрх авсан байна. Уг уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав, УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Лүндээжанцан нар байлцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 





  2020-08-15 16:39  159