УИХ-ын гишүүн Н.Оюундарь хатагтай Ю Ниннин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

  2016-07-07 01:00  1069

Монгол Улсын Их Хурлын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь өнөөдөр /2016.07.07/ БНХАУ-ын Олон улсын аялал жуулчлалын үйлчилгээний төрийн өмчит корпорацийн Дэд ерөнхийлөгч хатагтай Ю Ниннин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хатагтай Ю Ниннинийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв. Тэрээр, Монгол, БНХАУ нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлж буй хөрш орнууд юм. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд эрх барьсан бүх улс төрийн намууд Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хадгалж ирсэн. Манай хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааны нэг чухал чиглэл бол харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх хүмүүнлэгийн харилцаа, харилцан солилцоо билээ. Энэ салбарт аялал жуулчлалын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа тэмдэглэсэн юм.

Мөн тэрээр, Монгол Улс “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2015 онд баталсан ба энэхүү хөтөлбөрийг 2016-2020, 2021-2025 онуудад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэхүү ажлын хүрээнд зарим арга хэмжээг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын туршлага, хоёр орны хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлов.

БНХАУ-ын Олон улсын аялал жуулчлалын үйлчилгээний Төрийн өмчит корпорацийн Дэд ерөнхийлөгч Ю Ниннин, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэв. Тэрээр, БНХАУ-ын Олон улсын аялал жуулчлалын үйлчилгээний Төрийн өмчит корпораци нь үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг ба энэ нь аялал жуулчлал, татваргүй барааны дэлгүүр болон аялал жуулчлалын чиглэлийн хөрөнгө оруулалт гээд тэрээр аялал жуулчлалын салбарыг хариуцан ажилладаг гэж уулзалтын эхэнд танилцуулсан юм. БНХАУ, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монголын иргэний агаарын тээвэр болон бусад салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өнгөрсөн 6 дугаар сард Узбекистан Улсын Ташкент хотноо Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг байгуулсан. Уг хөтөлбөрт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан болохыг онцолсон юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал нь дэд бүтэц, тэр дундаа зам тээврээс шууд хамааралтай байдаг бөгөөд уг хөтөлбөрт дэд бүтцийн хамтын ажиллагааны асуудлыг тодорхой тусгаж өгсөн нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Түүнчлэн талууд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэд бүтцээс гадна визний нөхцөл, жуулчдын аюулгүй байдал болон уг хөтөлбөрт тусгагдсан зарим асуудлыг шийдвэрлэх арга зам, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

  2016-09-22 23:35  1069