Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч Нашида Сатартай цахим уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2021.04.06/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч, суурин төлөөлөгч  Нашида Сатар болон албаны хүмүүстэй цахимаар уулзалт хийв.

 “Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төслийн зорилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид Улсын Их Хурлын төсвийн хяналтын сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр хамтарч ажиллах тухайд уулзалтад оролцогчид  санал солилцов.

 Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй цахимаар уулзалт хийлээ


Мөн үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй цахимаар уулзалт хийсэн юм.  Эхлээд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлангийн талаар сонслоо. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүд зөвлөлийн ажиллах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, зөвлөлийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, төсөв, санхүүгийн чиглэлээр гаргасан дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, судалгаа хийх замаар Байнгын хороотой хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах талаар зөвлөлийн байр сууриа илэрхийллээ.


Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн шинэчлэлийн үе шаттайгаар хэрэгжүүлэх, төсөв, санхүүгийн чиглэлээр гаргасан дүгнэлт, зөвлөмжөө хууль тогтоомжид заасны дагуу олон нийтэд таниулах ажлуудыг хийх шаардлага байгааг онцоллоо. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед салбар бүрээр нь төсвийн зарцуулалтыг авч үзээд дүгнэлт, зөвлөмжөө гаргадаг байх, шаардлагатай бол тусгайлсан сонсголыг зөвлөлөөс зохион байгуулж, гишүүдийг бодит мэдээллээр хангах чухал байгаа талаар байр сууриа илэрхийлж, цаашид байнгын хороо бүх талаар дэмжиж ажиллах болно хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл