Цэс

Холбоо барих

ТББХ:"Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны өнөөдрийн (2021.01.05) цахим хуралдаан 14 цаг 25 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. 

Хуралдаан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нараас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь нарын гишүүд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцах цаг нь биш. Нөгөөтээгүүр, хуулийн талаар уяачид, мэргэжлийн холбоод нэгдсэн байр суурьгүй, Улсын Их Хурлын зарим гишүүд тодорхой мэдээлэлгүй байгаа тул хэлэлцэх хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв. Харин төсөл санаачлагч гишүүд эсрэг байр суурьтай байлаа. 

Иймд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хамтарсан Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулж, энэ чиглэлийн мэргэжлийн холбоодуудын саналыг нэгтгэх, төслийн талаар нухацтай авч үзэх чиглэлийг өгч төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. 


Үргэлжлүүлэн “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хийв. Тэрбээр, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгг заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дуусч байгаа тул Үндэсний зөвлөлийн гишүүдийг хуульд заасны дагуу чөлөөлж, томилж өгөхийг хүссэн албаг бичгийг тус зөвлөлөөс ирүүлсэний дагуу Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаараа Жигжидийн Цэсэн, Гомбожавын Отгонбаяр, Маруушийн Уянга, Дамдины Цоодол, Мянганбуугийн Наранбаатар, Баасанжавын Ганболд нарыг томилсон. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэл нь чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн нэрээ татсан тул Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэг сул орон тоо үлдсэн. Ажлын хэсэг Улсын Их Хурлаас нэр дэвшихээр төрийн бус байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигчдийн талаар нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулж хамгийн олон санал авсан 1 хүний нэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэнийг дурдав. 



Түүнчлэн Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, өмнөх хуралдаан дээр  20 нэр дэвшигчийг нэг бүрчлэн танилцуулж, ярилцсан учир, хүн нэг бүрийг танилцуулах шаардлагагүйг онцлоод нэр дэвшигчийн саналыг нууцаар явуулах, өмнө нь ажиллаж байсан тооллогын комиссыг үргэлжлүүлэн ажиллуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Ингээд тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, А.Адьяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, санал хураалтыг нууцаар явуулж, дүнг танилцуулахад Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлаас томилох нэр дэвшигчдээс Д.Оюун-Эрдэнэ хамгийн олон санал авсан байв. Уг  нууц санал хураалтад Байнгын хорооны 15 гишүүн оролцсон.

Иймд энэ талаарх  Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд  танилцуулахаар тогтлоо. Уг тогтоолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.8 дахь хэсгийг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнийг томилохоор тусгасан байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл