Инфографик: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн танилцуулга

  2022-03-15 12:00  897

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Кибер аюулгүй байдлын тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталж, кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүллээ.

Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж байгаа анхдагч хууль бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд яригдаж, 7 удаа төсөл боловсруулагдаж байжээ. 




    Монгол Улсын хувьд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д мэдээллийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэмээн тодорхойлсон байдаг ч кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль, эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чиг үүрэг бүхий байгууллага байхгүй, хамтын ажиллагаа сул явж ирсэн байна. Ийнхүү хууль батлагдсанаар кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо, эрх зүйн орчин бүрдэж, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах талаарх эрх, үүрэг нь тодорхой болж, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх, хяналт тавих, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах боломж бүрдлээ.

    Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллаж, үндэсний хэмжээний кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг хэрэгжүүлнэ.

    Засгийн газар үндэсний хэмжээний кибер халдлагын үед ажиллах төлөвлөгөө, стратеги, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт зэрэг баримт бичгийг батлахаар заасан.



    Түүнчлэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сантай Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд, Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тус тус байгуулж, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг Үндэсний төв, бусад иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг Нийтийн төв тус тус хангаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээлээ. 

    Мөн Зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах зохицуулалтыг хуульд тусгалаа.

    Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд манай улс үндэсний кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн тогтолцоо, улс орны хөгжил, аюулгүй байдалд түлхэц болох, цаашлаад үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болох мэдээллийн аюулгүй байдлаа хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа амин чухал хуультай болж байна.

    Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлгийн нэр томьёо, гэмт хэргийн бүрэлдэхүүн, ойлголтыг Кибер аюулгүй байдлын тухай хууль, НҮБ-ын Будапештийн конвенцод нийцүүлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 

    Түүнчлэн Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Зөрчлийн тухай, Харилцаа, холбооны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тус тус оруулсан болно.


Улсын Их Хурлын Тамгын газар 



  2022-03-15 09:49  897