Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Элчин сайдтай уулзав

Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй Шведийн Гадаад хэргийн яамны Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ноён П.Сунэссоныг өнөөдөр (2018.05.29) Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хүлээн авч уулзлаа.


Ноён П.Сунэссон эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай Палермогийн протоколыг хэрэгжилтийг сайжруулах, манай улсын Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, энэ хүрээнд Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Хүн худалдаалахтай тэмцэх дэд зөвлөл, Эрүүгийн цагдаагийн алба, энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, холбогдох судалгаа, мэдээллийг авахаар ирснээ танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь сэтгэл зовоосон нэн чухал асуудлаар манай улсад ажиллаж буйд нь элчин сайдад талархал илэрхийлээд Монгол Улсын иргэд хар тамхи, хүн худалдаалах зэрэг хил дамнасан гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгдэж байгааг харгалзан монголчууд олноор оршин суудаг, дамжин өнгөрдөг улсууд болон олон улсын байгууллагуудтай хамтран энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч болсон иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд анхааран ажиллаж байна гэлээ.


Шведийн Гадаад хэргийн яамны Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ноён П.Сунэссоны айлчлалын бүрэлдэхүүнд Стокольмийн Цагдаагийн байгууллагын Биеэ үнэлэх асуудал хариуцсан нэгжийн мөрдөгч, шинжээчид болон хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод дэмжлэг үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан байна гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл