Цэс

Холбоо барих

Л.Энх-Амгаланг Улсын Их Хурлын дэд даргаар сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.10.20) хуралдаан 17 цагт 68.4 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаас Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийсэн юм.


Нэр дэвшигч Л.Энх-Амгалан 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн.


Тэрбээр 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, “Ил товчоо” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд “Интерпресс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллажээ.

Улмаар 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй.

Ингээд санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгланг Улсын Их Хурлын дэд даргаар сонгохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив.

Нэр дэвшигчийн асуудлыг Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл