Цэс

Холбоо барих

“Ковид”-ын дараах эдийн засгийн их сэргэлтийг бий болгох хууль, эрхзүйн орчны асуудлыг цогцоор нь ярилцав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын дараах их сэргэлтийг бий болгох эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох явцыг шуурхайлах үүднээс өнөөдөр (2021.08.19) ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж буй эдийн засгийн чиглэлийн гол гол хуулийн төслүүд болон эдийн засаг, бизнесийн орчинд тулгарч буй асуудлын талаар ярилцахаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүд, мөн бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.


    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан “Бизнесийн орчныг сайжруулах, эрхзүйн чадамжийг дээшлүүлэх нь” сэдэвт энэхүү уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд хуулийн боловсруулалт, хэлэлцүүлгүүдийг сайн хийвэл ээлжит чуулганууд өндөр бүтээмжтэй болно гээд эдийн засгийн эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хийж буй ажлын явцыг сонсох зорилгоор та бүхнийг уулзалтад урьсан хэмээн тэмдэглэв. Тэрбээр мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, эдийн засгийн чиглэлийн мэргэжлийн холбоодтой уулзахад бизнесийг хүндрэл, чирэгдэлгүй эрхлэх томоохон өөрчлөлтийг бий болгох эрхзүйн орчныг бүрдүүлэх талаар санал тавьж буйг дурьдаад баялаг бүтээгч, ажлын байр бий болгогчдыг дэмжсэн бодлого хэрэгжих тал дээр анхаарах шаардлагатайг тэмдэглэсэн.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мөн яриандаа хог гэж үзээд хаяж буй сарлагийн ширээр олон улсын стандартад нийцсэн экспортын брэнд бүтээгдэхүүн болох арьсан бөмбөг үйлдвэрлэж буй бизнестэй очиж танилцсанаа дурьдаад, “Есөн ажилчинтай “Монгол бөмбөг” үйлдвэр Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй төслөөс авсан багахан хэмжээний зээлээрээ нэмүү өртөг шингээж, чанарын өндөр түвшний эдэлгээ даах бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нь манайд бизнес эрхлэх боломж бололцоо дүүрэн байгааг, эсрэгээрээ тэрхүү бизнесийг нь хөгжүүлэх бодлого, шийдвэр дутмаг байгааг харуулж байна” хэмээв. 


    Үргэлжлүүлэн бизнесийн орчныг дэмжихтэй холбоотой ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж буй Худалдааны тухай, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай хуулийн төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийн боловсруулалтын явц, гол зохицуулалтуудын талаар Эдийн засгийн байнгын байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй П.Цэрэнпунцаг, Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарын гишүүд мэдээлэл хийлээ. 

    Байнгын байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мэдээлэлдээ ард иргэд, бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх сонирхлыг нь өдөөх чиглэлээр төр, засаг, төрийн байгууллагуудын хэрэгжүүлж буй бодлого дутмаг байна. Үүнээс улбаатайгаар хот, хөдөөгүй ажлын байрны олдоц муу, ажил эрхлэх сонирхолтой хүмүүс ч багассан гэдгийг онцоллоо.  

    Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг өнөөдрийн байдлаар зөвшөөрлийн өнгө аястай 1600-аад бичиг баримт шаардагдаж буй судалгааны дүнг дурьдаад, энэ тоог 400 руу буулгах зохицуулалт хуулийн төсөлд тусгахаар ажиллаж буйг онцолсон бол Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа банкууд хөрөнгийг шаардлагатай үед өндрөөр үнэлдэг, шаардлагагүй үедээ багаар үнэлж авдаг, хувийн хэвшилд ч мөн ийм асуудал байгааг цэгцлэх, мөн хөрөнгийн үнэлгээчид захиалгаар бус бодит, шударгаар хөрөнгийн үнэлгээ тогтоох ур чадвар, ёс зүйтэй байх шаардлагыг хангасан зохицуулалт төсөлд тусгахаар ажиллаж буй талаараа дурьдлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт мөн санал, байр сууриа хуваалцахдаа бизнес эрхлэгчдийг цагддаг, хорьдог байдал ялангуяа цар тахлын үед нэмэгдэх хандлагатай байна. Ийм хандлагыг арилгах эрхзүйн орчныг бий болгох, дорвитой өөрчлөлт хийхэд Улсын Их Хурал анхаарах, мөн хууль хоорондын зөрчлийг арилгах, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр Европын орнууд руу экспортлох боломжоо ашиглах талаар саналаа хэллээ.  


    Энэхүү уулзалтад мөн бизнес эрхлэгчдийн төлөөллийг урьж, оролцуулж, үгийг нь сонссон. “Түмэн шувуут” ХК-ийн ерөнхий захирал Л.Эрхэмбаяр, “АУМ алт” ХХК-ийн захирал Б.Жавзандорж, “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан нар бизнес эрхлэхэд ялангуяа цар тахлын үед тулгарч буй хүндрэл болон эдийн засгаа сэргээхэд төрийн байгууллагууд ажлаа уялдуулах, төр, хувийн хэвшлийн уялдааг хангах, төрөөс дэмжлэг үзүүлэх бизнесийн салбар, төслүүдийн талаар, мөн чанар, үр дүнг эрхэмлэсэн бизнест л зээл өгөх, аль яам нь ямар ажлаа хариуцдаг нь ойлгомжтой харагддаггүй учир энэ асуудлаа цэгцлэх  гэхчлэн өргөн хүрээнд саналаа хэлж, санал бодлоо хуваалцав. “Түмэн шувуут” ХК-ийн ерөнхий захирал Л.Эрхэмбаяр улсынхаа эдийн засгийг хэрхэн сайжруулах талаар Г.Занданшатар дарга өчигдөрхөн хийсэн уулзалтан дээрээ талцахгүйгээр ажлаа хийе, одоо ажил л хийх цаг гэж мэссэж өгч байсан. Үүнийг талархалтайгаар хүлээж авч байна. Монгол ардын нам, Ардчилсан нам гэж хуваагдахгүйгээр ажлаа хийж, зөв бодлого гарган, бодлогоо тогтвортой байлгах тал дээр анхаарах  шаардлага байна  хэмээлээ.


    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүдийн мэдээлэл болон бизнесийн төлөөллийн хэлсэн үг, саналтай холбогдуулан эдийн засгийн эрхзүйн орчныг сайжруулахтай холбоотой мэдээлэл, байр сууриа хуваалцлаа.  Тэрбээр мөн хуулийн төсөл тус бүрээр зохицуулалтыг боловсронгуй болгох, уялдааг хангах, хэлэлцүүлэгт бэлтгэх явц, хугацааг тогтоон, шуурхайлах чиглэлийг гишүүдэд өгч, “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлтийн хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлага гарч байна. Энэ ажлыг Эдийн засгийн байнгын хороо ахалж ажиллана. Бизнесийн тааламжтай орчныг ерөнхийд нь бүрдүүлэх асуудлыг өнөөдөр цогцоор нь ярилцлаа. Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгохын тулд хүнд суртлыг дээд, дунд, доод шатанд таслан зогсоож, томоохон төслүүд болон жижиг, дунд бизнесийг бодитой хөгжүүлэх цогц бодлогыг хөгжүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.   

    Уулзалтад Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Н.Цогтсайхан, Улсын Их Хурлын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Б.Эрдэнэбаяр нарын албаны хүмүүс оролцов гэж гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл