Цэс

Холбоо барих

Үйл ажиллагааны чиглэл

Үйл ажиллагааны чиглэл

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт “Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй,техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэгбүхий Тамгын газартай байна” хэмээн заасан.

Тамгын газар нь хуулийн этгээд мөн бөгөөд түүний дүрмийг Ерөнхий нарийн бичгийн даргын саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга батална.

Тамгын газрын зохион байгуулалтын нэгж нь газар, хэлтэс, алба, хүрээлэн, парламентын номын сан байна.

Тамгын газар дараах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1.Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хороод, ажлын хэсэг, гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;

2.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл энэ хуулийн 38 дугаар зүйл, Хууль тогтоомжийн тухай хуулийн 40.1, 40.2-т нийцсэн эсэхийг хянаж, зохих журмын дагуу өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангах;

3.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлах үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах;

4.Улсын Их Хурал, Тамгын газар, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн аж ахуй, санхүүг хөтлөн явуулах, төсвийг хууль тогтоомжийн дагуу зарцуулах;

5.нэгдсэн, Байнгын, дэд, түр хороод, нам, эвслийн бүлгийн хуралдааны техникийн бэлтгэлийг хангах;

6.батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг хийж албажуулах, нийтлэх, мэдээлэх;

7.чуулганы явцыг дэс дараалан албан ёсоор тэмдэглэн хөтөлж, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг эрхлэн явуулах;

8.Улсын Их Хурал, Тамгын газрын бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, архивын үйлажиллагааг эрхэлж чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичгийг олшруулан тараах ажлыг зохион байгуулах;

9.Улсын Их Хурлаас хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааг зохион байгуулах;

10.гишүүдэд иргэн, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэн дүгнэж Улсын Их Хурлын дарга, холбогдох Байнгын хороо, гишүүдэд мэдээлэх;

11.Улсын Их Хурал, Тамгын газрын гадаад харилцааны асуудлыг хариуцан шаардлагатай баримт бичиг бэлтгэх, Улсын Их Хурлын шугамаар гадаад оронд айлчлах болон гадаадаас ирэх зочин, төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл хангах, тэдгээрт үйлчлэх;

12.хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсэгт арга зүйн туслалцаа үзүүлэх;

13.чуулганаар хэлэлцэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон гишүүдийн хүсэлтээр тодорхой хуулийн хэрэгжилтээр мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх, мэдээллээр хангах;

14.энэ хуулийн 44.4.13-т заасан асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагаас шаардлагатай мэдээ, баримт бичиг, материалыг гаргуулах;

15.Монгол Улсын хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж гишүүдэд үйлчлэх;

16.гишүүн нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх;

17.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрээр даалгасан бусад үүргийг биелүүлэх;

18.парламентын номын сангийн үйлчилгээ үзүүлэх;

19.парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

20.Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх явцад шаардлагатай судалгаа,шинжилгээний ажил гүйцэтгэх;

21.Улсын Их Хурлаар тухайн жилийн төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл хэлэлцэхэд дүн шинжилгээ хийж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

22.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл батлагдсанаар улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар судалгаа, шинжилгээ хийж зөвлөмж гаргах;

23.өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах;

24.Байнгын хороонд эрхлэх асуудлынх нь хүрээнд хамаарах асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

25.Байнгын хороонд зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга

Тамгын газрын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах, Улсын Их Хуралд дэгийн асуудлаар зөвлөх, нэгдсэн, Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гаргасан шийдвэрийг эрх зүйн хувьд хэлбэржүүлэх, Улсын Их Хурлаас хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг удирдлагаар хангах, Улсын Их Хурлын төсвийн төслийг бэлтгэх, батлагдсан төсвийг зарцуулах, Тамгын газрын захиргаа, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхэд шаардагдах журмыг батлах зэрэг үндсэн үүрэг бүхий Ерөнхий нарийн бичгийн даргыг УлсынИх Хурлаас томилно.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл