Хууль зүйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэн, шийдвэрлэв

  2017-05-09 16:52  496

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.09) хуралдаан 09 цаг 50 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов.


Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуралдаанд танилцуулав. Ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдан, нэр томъёоны талаарх редакцийн саналыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасан гэлээ. Түүнчлэн холбогдох хуулийн дагуу чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлээр төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, төслийн зарим зүйл заалт хоорондоо, эсхүл мөрдөж буй бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэх, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналын томъёоллуудыг бэлтгэсэн гэлээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэг үндэслэлээр хувь хүн болон хуулийн этгээдэд давхар хариуцлага тооцох зохицуулалтын талаар асуулаа. 2015 онд батлагдсан, энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн хуулиар хуулийн этгээдтэй бус тухайн албан тушаалыг гүйцэтгэж буй хувь хүнтэй хариуцлага тооцохоор зохицуулалттай байгаа нь ял шийтгэл гарцаагүй байх зарчимд нийцэхгүй хэмээн үзсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав.


Өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн хэлбэр, төрөл олон болсон тул ямар нэг хууль зөрчих үйлдэл хийсэн албан тушаалтан, хувь хүн хариуцлага хүлээхийн зэрэгцээ тухайн албан тушаалтан, хувь хүнийг хууль зөрчих үүрэг өгсөн хуулийн этгээд мөн хариуцлага хүлээх нь зүйтэй хэмээн үзэж дээрх зохицуулалтыг тусгасан гэв. Мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг гэх мэт тодорхой тооны хууль зөрчсөн үйлдлийг аль нэг хуулийн этгээдийн эзэмшигч, хөрөнгө оруулагчдын шийдвэрээр гүйцэтгэх захирал нь хэрэгжүүлсэн нь нотлогдвол тухайн захиралд л хариуцлага тооцдог. Үүний цаана үүрэг, чиглэл өгсөн хуулийн этгээдийн удирдлагууд, эзэмшигчид хариуцлага хүлээлгүй үлддэг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэдэг чиглэлийг барьж, хуулийн төслийг боловсруулсан аж. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 80 гаруй зүйл, заалтаар хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулах зохицуулалттай байгаа бол хэлэлцэж буй төслөөр энэ тоог бууруулж 30 орчим зүйл, заалтын хүрээнд хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулахаар өөрчилсөн байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг хууль зөрчсөн үйлдлүүдэд хувь хүн, хуулийн этгээдэд давхар хариуцлага ногдуулахыг эсэргүүцэхгүй байгаа ч 30 гаруй зүйл заалтын хүрээнд хувь хүн, хуулийн этгээдэд давхар хариуцлага тооцох зохицуулалт нь бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тун хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж болохыг сануулж байв. УИХ-ын гишүүн Н.Оюундарь хуулийн төсөл дэх зарим нэр томъёо, тодорхойлолт хоорондоо зөрчилтэй байгаа, үүнээс үүдэн зарим тохиолдолд ял завших эрсдэл үүсэхээр байгааг хэллээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны дараа Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээс санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Тус байнгын хорооны үүрэг бүхий Ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналыг боловсруулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан  саналыг төсөлд нэмж тусган, нэр томъёог жигдлэх редакцийн шинжтэй засварыг тусгасан байна. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.


Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсөл дэх “...олсон орлогыг хураана...”, үүний зэрэгцээ 100 сая төгрөгөөр торгохоор тусгасан зохицуулалтын талаар тодруулан асууж, энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт болох эрсдэлтэй талаар санал хэллээ. Хуулийн төслийн тусгай ангид заасан хууль бусаар олсон орлогыг хураах тухай зохицуулалтууд нь өнөөдрийн байдлаар мөрдөгдөж буй хуулиудад байгаа, хэлэлцэж буй төсөлд одоо мөрдөгдөж буй хувилбараар нь тусгасан болохыг Ажлын хэсэг тайлбарлав. Энэ тохиолдолд хууль ёсны орлогын талаар огт хөндөөгүй, зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж олсон орлогыг хураахтай холбоотой зохицуулалт гэлээ. Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан 1600 зөрчлийн 10 нь 100 сая төгрөгийн торгууль ногдуулах зөрчил байгаа, үүний найм нь банктай холбоотой заалт хэмээн Ажлын хэсэг хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүн О.Батнасан хүнс импортлох болон экспортлоход хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн тохиолдолд өнөөдрийн хуулиар хувь хүнийг 1-10 сая төгрөгөөр торгодог бол энэ төсөлд 10-100 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна. Энэ нь иргэд хувийн хэрэглээндээ хүнс импортолсон тохиолдолд хуульд заасныг зөрчсөн гээд 10 сая төгрөгийн торгууль төлөх, харин жижиг худалдаа, бизнес эрхлэгчид холбогдох газруудтай гэрээ байгуулаагүй, зориулалтын агуулах, байранд хадгалаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэл ашигласан гээд 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр болж, үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй болж буйг хэллээ. Эрхзүйн шинэтгэлийн хүрээнд иргэдэд ээлтэй, бизнес орчноо дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдэг саналыг мөн тэрбээр онцолсон. УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуулийн этгээдийн зөрчлийн торгуулийн хэмжээ 100 сая төгрөг байгааг бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төгсөлд нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжлээ

Мөн өдрийн хуралдаан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдон Эрүүгийн хууль хөндөгдөж байна. Засгийн газар Зөрчлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн юм. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь 2017 оны нэгдүгээр сард батлагдан, хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. Уг хуулийн дагуу гэр бүлийн хүрээнд үйлдэж буй хууль зөрчсөн үйлдлийг эхний удаад зөрчил, давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг хэмээн тооцох юм. Энэ зохицуулалттай нийцүүлэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн” хэмээн тайлбар хийлээ. Мөн дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй хүрээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар “эмийн түүхий эд” хэмээх нэр томъёог хуульд тусгах, ингэснээр эмийн найрлагад ордог “мими” хэмээх түүхий эдийг хууль бусаар хилээр оруулсан үйлдлийг зөрчил хэмээн тооцох санал гаргасан болохыг хуралдаанд оролцогчдод танилцуулав.

Хэлэлцэж буй төслүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулага хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг 83.3 хувийн саналаар дэмжлээ. Горимын санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 83.3 хувийн саналаар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг 66.7 хувийн саналаар тус тус дэмжлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоотой хамтран Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төслийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаарх танилцуулга хэлэлцүүлгийг холбогдох байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж, тус хэлэлцүүлгийн үеэр холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нь Ажлын хэсэг хүлээн авчээ. Үүний дараа Ажлын хэсэг хуралдан, хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн саналыг тусгасан байна. Тухайлбал:

  • Зөрчлийн тухай хуулийн төсөлд шүүх баривчлах шийтгэлийг 7-30 хоног оногдуулахаар тусгасантай холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх журам, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах журмыг хуулийн төсөлд тусгах, 
  • Эрүүгийн хэргийн шүүхээр бүх төрлийн зөрчлийг харъяалан, хянан шийдвэрлэхээр заасан эрх бүхий албан тушаалтны оногдуулсан зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд харъяалуулан, хянан шийдвэрлүүлэхээр төсөлд тусгах, 
  • Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч нь мансуурагч, танхайрах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрхэнд халдах, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, жагсаал цуглаан зохион байгуулах, хулгайлах, хөрөнгө завших, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох зэрэг зөрчил гаргасан этгээдийг хуульд заасан журмаас гадна тусгай журам баримтлан хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах, 
  • Шүүхээс баривчлах шийтгэлийг оногдуулахтай холбогдсон зохицуулалтын дагуу зөрчлийг харъяалан шийдвэрлэх байгууллагын харъяаллыг өөрчлөн хуулийн төсөлд тусгах зэрэг төслийн талаарх зарчмын зөрүүтэй нийт 44 саналын томъёолол, дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хоёр саналын томъёоллыг бэлтгэжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлэлцэж буй төслүүд батлагдсан тохиолдолд үүсэх шүүхийн ачааллын талаар тооцоо хийсэн эсэх, үйл ажиллагаа жигд явагдах боломжтой эсэхийг тодрууллаа.


Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр бол зөрчлийг Эрүүгийн шүүхэд гомдол гаргах журамаар шийдэх зохицуулалтыг тусгасан байсан нь шүүхийн ачаалалд нэлээн өөрчлөлт орохоор байсан. Захиргааны шүүхээр шийдвэрлэгдэж буй нийт маргааны 20 орчим хувь нь зөрчилтэй холбоотой маргаан байдаг. Харин хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсгээс Захиргааны шүүхэд хянагдаж буй байцаагч нарынх нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаарх гомдлыг Захиргааны шүүхэд гаргахаар өөрчилж буй нь хууль батлагдсаны дараа шүүхийн ачаалалд өөрчлөлт орохгүй гэж үзэж байгааг тайлбарласан. Эрүүгийн шүүх гомдол шалгадаг журам шинээр нэвтэрч байгаа, энэ нь шүүхийн ачааллыг онц их хэмжээгээр өөрчлөхгүй хэмээн тооцсон байна. Ийнхүү асуулт, хариултын дараа Ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй санал болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2017-05-09 16:52  496