Цэс

Холбоо барих

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүд Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-т ажиллав

УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, тус дэд хорооны гишүүн Ц.Туваан, Т.Аубакир нар өнөөдөр /2021.04.06/ “Ойн судалгаа, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газарт ажиллав. Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон холбогдох албаны хүмүүс оролцов.

“Ойн судалгаа, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын талаарх танилцуулгыг газрын дарга Г.Цагаанхүү танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа 2021-2030 оны ойн зохион байгуулалтын ажлын төсөөлөл, ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх арга хэмжээ, ойг нөхөн сэргээх арга хэмжээ, ойн ашиглалтын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Үүнээс гадна Ойн цэвэрлэгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулгадаа дурдсан юм. Уг хөтөлбөрийн үр дүнд ойн сан бүхий аймгуудад нийт 208.2 мянган га ойн талбай цэвэрлэгдэж, ойн  төлөв байдал сайжирсан байна. 208.2 мянган га ойн шатах материалын нөөцийг 5,100.0 мянган шоо метрээр тус тус багасгаж, түймрийн аюулын эрсдэлийг 2 дахин бууруулсан гэв. Жилд дунджаар давхардсан тоогоор 8 аймгийн 38 сумын 116 ААНБ, 156 ойн нөхөрлөлийн 1477 орчим иргэн хөтөлбөрт хамрагдан 470 иргэн түр болон байнгын ажлын байраар хангагдан ажилласан талаар онцлов.

УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг ойн орлогын зарцуулалт, ойн цэвэрлэгээний менежмент, арга барил, хууль эрхзүйн хувьд анхаарах асуудлуудын талаар байр сууриа илэрхийлж, асуулт асууж хариулт авав. УИХ-ын гишүүн Ц.Туваан, Т.Аубакир нар Ногоон хэрэм төсөл болон Өрх бүр мод таръя санаачилгын талаар асуулт асууж, үр дүнгийн талаарх мэдээллийг авлаа.

Сүүлийн 6 жилийн дунджаар ойгоос мод бэлтгэж ашигласны орлогын хэмжээ 3.1 тэрбум, хуш модны самар бэлтгэж ашигласны орлогын хэмжээ 4.6 тэрбум буюу 1 жилд дунджаар 7.7 тэрбум төгрөгийн орлого ойн баялгаас олдог байна.  Цаашид байгалийн нөөц ашигласны төлбөр болох энэхүү ойн орлогын зарцуулалтыг онцгой анхаарч,  ойн ажилдаа зарцуулдаг байх талаар анхаарах тухайд гишүүд сануулав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл