Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр (2022.01.09) аваргуудаа шалгарууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан арав дахь удаагийн энэхүү тэмцээний анхан шатанд 5272 оролцогч (сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2021.11.20-21), хагас шигшээ тэмцээнд 645 (аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2021.12.11-12), шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатар сонирхогч оролцож, улсын аваргын төлөө оюун ухаанаа уралдуулав.
Ингээд эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Энхтунгалагийн Түвшинтөгс (20 нас) 7.0 оноогоор тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Самандын Санждорж (72 нас) 6.5 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Батболдын Доржсүрэн (21 нас) 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Ганболдын Санчирдулам (18 нас) 6.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Галсандоржийн Батчимэг (23 нас) 6.5 оноогоор шалгарсан бол Орхон аймгийн оролцогч Ганзоригтын Хулан (25 нас) 6.0 оноогоор гуравдугаар байр эзэллээ.
Хоёр өдрийн турш оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглосон бөгөөд эхний гурван байранд шалгарсан дээрх оролцогчид спортын дэд мастер цолын болзолыг хангаад байна.
Эрэгтэй ангиллын IV, V, VI байранд Г.Эрдэнэбаяр (6.5 оноо), С.Жаргалсайхан (6.0 оноо), А.Дөлгөөн (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байранд Э.Батсувд (6.0 оноо), Т.Түмэн-Энх (6.0 оноо), Т.Мандах (5.0 оноо) нар тус тус шалгарав.
Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Дүгэрсүрэнгийн Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Цэрэндашийн Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Доосүрэнгийн Мөнхзаяа (50+), Марусягийн Жаргалсайхан (65+) нарыг тодруулсан юм.
Түүнчлэн эрэгтэй ангилалд М.Нямлхагва (1800-аас доош), Г.Чинзориг (рейтинггүй), эмэгтэй ангилалд Э.Болор-Эрдэнэ (1600-аас доош), Ё.Болормаа (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан нар гардуулав.
Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тус хорооны маркетингийн комиссын гишүүн Б.Наранбаатар нар оролцож, Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэнг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор, тус хэлтсийн референт Д.Ням-Осорыг МҮОХ-ны “Алтан медаль”-иар шагнасан юм.
Энэ үеэр болсон нэг онцлог үйл явдал бол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн зөвлөх Г.Алтан-Очид МҮОХ-ны “Алтан Очир” одон гардуулсан юм. ФИДЕ болон Азийн шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан, МҮОХ-ны гишүүн асан, олон улсын шилэгдмэл шүүгч, олон улсын хэмжээний мастер, “Бөртэ чоно” цомын хоёр удаагийн эзэн Г.Алтан-Оч нь Улаанбаатар 2003 Оюутны дэлхийн аваргын ерөнхий шүүгч, Катар 2006 Азийн наадмын шүүгч, Мехико 2007 оны Дэлхийн аваргын шүүгч (Азиас хоёр дахь), Макао 2007 “Азийн заан”-ы наадмын шүүгч, Дрезден 2008 Олимпийн шүүгч, Бээжин 2008 Оюуны спортын анхдугаар наадмын ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Ийнхүү түүнийг Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж МҮОХ-ны “Алтан Очир” одонгоор шагналаа.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах арав дахь удаагийн тэмцээн амжилттай өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГУУД
Эрэгтэй ангилал
2013 он Гомбожавын Саран-Эрдэиэ (Налайх)
2014 он Болдын Мөнхбаяр (БЗД)
2015 он Санжидын Алтангэрэл (Налайх)
2016 он Баасанжавын Цэцэнбаатар (Хөвсгөл)
2017 он Энхээгийн Энх-Амгалан (Мончесс)
2018 он Ганболдыи Амарсанаа (Хэнтий)
2019 он Алтанхуягийн Золжаргал (Орхон)
2020 он Дашдаваагийн Дүүрэнжаргзл (Дорнод)
2021 он Нармандахын Билгүүн (Өмнөговь) онлайн
2022 он Энхтунгалагийн Түвшинтөгс (Говьсүмбэр)
Эмэгтэй ангилал
2014 он Гэрэлчулууны Номин (Сэлэнгэ-Өмнөговь)
2015 он Төмөрбаатарын Март (Дархан-Уул)
2016 он Жаргалантуулын Даваасүрэн (ХУД)
2017 он Ганбаатарын Отгонтуяа (Хөвсгөл)
2018 он Эрдэнэбаатарын Одгэрэл (Дорноговь)
2019 он Өсөхбаярын Уянга (Баянзүрх)
2020 он Батнасангийн Халиун (Өмнөговь-НШХ)
2021 он Рустемийн Айганым (Баян-Өлгий) онлайн
2022 он Ганболдын Санчирдулам (ХУД)