Ажлын хэсгийн гишүүд орчны бохирдлыг бууруулахад 2019 онд хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа

  2019-05-09 09:06  255

Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2019.05.09/ үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдааны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллалаа.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат ажлын хэсгийн гишүүдэд орчны бохирдлыг бууруулахад 2019 онд хэрэгжүүлж буй арга хэмжээ болоод хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.


Тэрбээр, агаар, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд 75,2 тэрбум төгрөг төлөвлөгдсөнийг Үндэсний хорооны 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар 32 арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. Эдгээр 32 арга хэмжээний 15 нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж байна гэлээ.

Арга хэмжээний хүрээнд,

Тухайлбал, гэр хорооллын айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд – 10 тэрбум төгрөг, бага, дунд оврын зууханд фильтр суурилуулахад – 10 тэрбум төгрөг, сайжруулсан түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх - 18 тэрбум төгрөг, сайжруулсан түлш нөөцлөх цэг, борлуулалтын сүлжээ байгуулахад дэмжлэг үзүүлэхэд - 1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн, хяналт мониторингийг сайжруулах, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн амьдрах орчны судалгааг гаргаж, түүхий нүүрсний хэрэглээ, нүхэн жорлон, дулаалга, цахилгааны хэрэглээ зэрэг 31 асуудлыг багтаасан цогц мэдээллийг агуулсан гар утасны аппликейшн хөгжүүлсэн болохыг танилцууллаа. Бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-19 хороодод амьдрах орчны судалгааг энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж, аппликейшны сургалтууд хороодод хийгдсэн, мөн олон нийтэд ирэх зургадугаар сарын 15-наас танилцуулж, хэрэгжүүлнэ гэв. Харин маргааш буюу 2019.05.10-нд нийслэлийн 5 дүүргийг нэгтгэсэн “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулганыг УБ паласт зохион байгуулна гэдгийг дуулгаж байлаа.


Ингээд танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлахад, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг шинээр хэрэгжиж буй татварын багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан зуух хэрэглэсний урамшуулал болоод иргэдээс ирүүлж буй гомдлын дийлэнх хувь нь цахилгааны төлбөр өндөр гарч байна гэдэгт тайлбар авлаа. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат хэлэхдээ, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хэрэглэгчийн хүйтний улиралд (ахуйн хэрэглээний болон халаалтын зориулалтаар) хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулж урамшуулна гэсэн зохицуулалт бий, харин иргэд зориулалт бусаар хэрэглэж, сард тогтоосон цахилгааны хэрэглээг хэтрүүлж байгаагаас гомдол ирүүлж байна гэв.

Түүнчлэн ажлын хэсгийн гишүүд хийж буй ажил, төлөвлөгөөг сайшааж, цаашид томоохон нэг цогц бодлогыг агуулсан ажил, төсөл хэрэгжүүлэх санал хэлэхийн сацуу Чингэлтэй дүүрэгт хийгдсэн судалгааг бусад дүүрэгт ойрын хугацаанд хэрэгжүүлэх, мөн мөнгө төсөв гээд шаардлагатай арга хэмжээ авах талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллах болно гэж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2019-05-09 22:51  255