Цэс

Холбоо барих

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв


Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.11) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 24 минутад гишүүдийн 80,3 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдааны эхэнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүнээс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2017 оны 11 дүгээр сарын 17, 30-ны өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны 12 дугаар сарын 27 болон 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдийн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.


Тэрбээр танилцуулгадаа, төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Б.Ундармаа, М.Оюунчимэг нарын Монголбанкнаас авч хэрэгжүүлэх албадлагын арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг тодорхой болгож, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, банкны нэгдлийн хэмжээнд зохистой харьцааны үзүүлэлт тогтоох, шаардлага тавих талаар Монголбанкны бүрэн эрхийг тодорхойлох, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгслийг холбогдох хууль, тогтоомжтой нийцүүлж, банкны актив, пассивыг шилжүүлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулах, Банкны эрх хүлээн авагч, бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээг тодорхой болгох, банкийг татан буулгах, нэхэмжлэлийн дарааллыг холбогдох хуульд нийцүүлэх зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн Монголбанкны хянан шалгагчийн бүрэн эрхтэй холбоотой заалтыг төслөөс хасаж, Төв банкны хуулийн төсөлд шилжүүлэн тусгах, нэр томъёоны тодорхойлолтоос зээлийн төвлөрөл, өмчлөлийн хэрэгслийг хасах, зарим нэр томъёоны тодорхойлолтыг найруулж, өөрчлөх зэрэг саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан гэдгийг онцоллоо.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, М.Билэгт, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, О.Батнасан, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос дэмжигдсэн, дэмжигдээгүй 51 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 47.4.3 дахь заалтын “өөрчлөх” гэсний дараа “банкны үндсэн үйл ажиллагааг бэхжүүлэх” гэж, төслийн 3 дугаар зүйлд “Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцах бөгөөд банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй”, “Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг дагаж мөрдөхөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ” гэсэн тус тус хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Харин төслийн 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “34.2.3. тухайн банкны хараат болон охин компани, бусад банк, түүний нэгдэл, банкны бус үйл ажиллагаа эрхэлдэг хамаарал бүхий этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг “Банкны хүлээн авагч банкнаас авлагатай этгээдийн  нэхэмжлэлийг хоёр сарын хугацаанд хүлээн авахаар тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагийн гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд болон Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, Ажлын хэсгээс Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл