"Дахин санал хураалтын зардал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт

  2013-04-10 00:00  251
2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн
Н.БАТБАЯР

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрогт дахин санал хураалт явагдах болсон тул энэ арга хэмжээнд зарцуулах зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, зардлын тооцоог Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос боловсруулан ирүүлснийг Төсвийн байнгын хороо 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд Сонгуулийн ерөнхий хороо болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас дахин санал хураалтад зарцуулах зардлын тооцоо, үндэслэлийн талаар тайлбар сонссоны үндсэн дээр төслийг зарчмын хувьд дэмжиж, дахин санал хураалтад зарцуулахаар тооцсон 397.4 сая төгрөгийг Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар Сонгуулийн ерөнхий хорооны төсвийн 2013 оны сонгуулийн зардлаас санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн радио, телевизийн сурталчилгааны мониторинг хийхэд зориулсан 91.0 сая төгрөгийн зардлыг 2013 оны төсөвт тусгагдсан сонгууль явуулахад зориулсан зардлын нийт дүндээ багтаан зарцуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд зөвшөөрөх санал Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.

Төсвийн байнгын хороо санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, тус Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилцуулахаар тогтлоо.

Анхаарал тавьсанд баярлалаа.



ТӨСВИЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                    Ц.ДАВААСҮРЭН

  2016-09-23 02:32  251