Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хувь хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Харилцааны ур чадвар” сэдэвт цахим сургалтыг өнөөдөр (2022.03.14) зохион байгууллаа.
Сургалтыг Монголын хүний нөөцийн аудиторуудын холбооны гүйцэтгэх захирал, Олон улсын мэргэжлийн хөгжлийн институтийн ерөнхий захирал Б.Батгэрэл удирдан явуулав.
Тэрбээр, БНСУ-ын мэргэжлийн хөгжлийн хүрээлэнгээс 2005 онд хүний нөөц нь эдийн засгийн өрсөлдөх чадвар, зохион байгуулалтын бүтээмж, хувь хүнийг насан туршийн мэргэжлийн чадвараар хангахад шаардлагатай мэдээлэл, техник технологийн хүч чадал, үйл ажиллагааны хэв маяг болон соёл, ухамсрын төлөвшил зэрэг хувь хүнд байх чадвар, шинж чанар хэмээн тодорхойлсон.
Хүний нөөц гэдэг бол зөвхөн албан байгууллагын ажилчдыг хэлдэг биш, “Human Capital” буюу хүн баялаг хэмээх өргөн ойлголтын хүрээнд яригддаг зүйл юм. Энэ утгаараа тухайн хүн нас, хүйс үл хамааран хөдөлмөрийн харилцаанд өөрийгөө зөв таньж олоод хүссэн мэргэжлээрээ тууштай, сэтгэл хангалуун ажиллах нь амжилт авчирдаг.
Тухайн улсын хөгжил чадварлаг хүний нөөцөөс шууд хамаардаг учраас Монгол улсын язгуур мөн чанар, монгол хүний онцлогийг нэн тэргүүнд зөв тодорхойлох ёстой. Хүн бүр байгууллагынхаа алсын хараа, эрхэм зорилгын төлөө нэгдмэл хүсэл эрмэлзэлтэй ажиллах нь хамтын амжилтын суурь юм.
Тиймээс хүн бүр өөрөө өөрийгөө тогтмол хөгжүүлж, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах шаардлагатай. Хүн өөрийн үндсэн чадвараа хөгжүүлснээр ажлын бүтээмж нэмэгддэг. Нөгөө талаар хүний суурь ур чадвар (soft skill) нэмэгдсэнээр бусадтай харилцах чадвар сайжирч, байгууллагын доторх зөрчлийг саадгүй, оновчтой шийдэх боломжтой болдог гэдгийг илтгэлдээ дурдаад хүний нөөцийн хөгжлийн чиг хандлага, суурь ур чадварын стандартын судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд зэрэг 150 гаруй хүн цахимаар оролцсон бөгөөд цаашид хүний нөөцийн аудит, төрийн албан хаагчдын заавал эзэмших шаардлагатай хувь хүний ур чадварын талаар цуврал сургалтыг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн өөрийн байгууллагын хүний нөөцийн ур чадварыг тодорхойлоход хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм.
Парламентын судалгааны хүрээлэнгээс УИХ-ын Тамгын газрын ажилтан бүрийг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломжийг нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цуврал сургалтуудыг явуулдаг. Хууль тогтоох байгууллагын албан хаагчдаас илүү ур чадвар, харилцаа, хандлага, нийгмийн мэдрэмж шаарддаг онцлогтой гэдгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа сургалтыг хааж хэлсэн үгэндээ тэмдэглээд энэхүү сургалтаас олж авсан шинэ мэдлэг, мэдээллийг ажилдаа нэвтрүүлэх талаар болон байгууллагаараа нэгдсэн нэг зорилготой ажилласнаар хэрхэн үр дүнд хүрч, үр шимийг хүртэх талаар санал бодлоо хуваалцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.