Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-05-31 19:05 Уншсан: 357


Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2017.05.31) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хуралдаан даргалагч чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулсан юм. Ингээд үдээс хойших хуралдаанаар санал хураалтыг үргэлжлүүлэн, Эдийн засгийн байнгын хорооноос бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан уншиж танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар төсвийн тусгай шаардлагууд дараахь байдлаар хангагдахаар байгааг Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсан. Үүнд:

1. Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон бөгөөд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ 2018 онд тонн тутамд 4,658.9 ам.доллар, 2019 онд 4,725.5 ам.доллар, 2020 онд 4,725,5 ам.доллар байх аж.

2. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээг хуулиар тогтоосон хязгаарт нийцүүлэн 2018 онд 9.5 хувь, 2019 онд 6.9 хувь, 2020 онд 5.1 хувийн тус тус алдагдалтай байхаар тооцжээ.

3. Ирэх жилүүдийн төсвийн зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ний өсөлтийн хувь болон тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхээргүй байхаар буюу 2018 онд 8.0 хувь, 2019 онд 5.5 хувь, 2020 онд 5.9 хувь байхаар тооцсон байна.

4. 3асгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээг хуулиар тогтоосон хязгаарт буюу 2018 онд 80.0 хувь, 2019 онд 75.0 хувь, 2020 онд 70.0 хувь байхаар тооцжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн анхны хэлэлцүүлгээр батлах саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжив. Иймд санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон холбогдох УИХ-ын тогтоол тус тус батлагдлаа. 

Дараа нь Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон хамт батлагдсан бусад хуулийн эцсийн найруулгыг сонсов.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн өдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр батлагдан, мөн оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин болон цахилгаан тэжээлт автомашинд  хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамаарч онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчин бүрдсэн. Онцгой албан татвар төлдөггүй байсан эдгээр автомашинд дээрх хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болсон нь манай улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа “Пруис” машины хэрэглэгч, борлуулагчдын нуруун дээр эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлсэн байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг үндэслэн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох, түүнчлэн татвараа төлсөн иргэдийн татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна, гэхдээ цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг тэглэх нь зүйтэй гэсэн санал гаргасан талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа хэлсэн. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, М.Оюунчимэг нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. “Приус” автомашиныг импортолдог, худалдан авагч иргэдээс хууль батлагдахаас өмнө ачигдсан машинуудын онцгой албан татварыг хөнгөлүүлэх хүсэлт ирүүлсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэлээд “Яг энэ чиглэлээр Засгийн газар ОУВС-тай ярилцаад 2017 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулахаар тохиролцлоо гэж бидэнд хэлсэн. Анхнаасаа төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр хэмээн үзэж ОУВС, Засгийн газар хоорондоо ярилцаж, тохироод гарын үсэг зурсан арга хэмжээ. Тиймээс үнэн, бодит мэдээллийг иргэд, олон нийт, зах зээлд хүргэх ёстой” гэдэг байр суурийг илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Батзориг Засгийн газрын энэ шийдвэр нь иргэдийн хүсэн хүлээж байсан шийдвэр хэмээн онцлоод тогтоолын төслийг дэмжиж буйгаа хэлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдлаа

Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Засгийн газраас 2017 оны тавдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг байв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монгол Улсад төрийн айчлал хийх үеэр 1 тэрбум ам.долларын зээл олгох тухай мэдэгдсэн. Энэхүү зээлийн жилийн хүү нь 1,75 хувь, хугацаа 20 жил бөгөөд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байхаар тусгагдсан аж.

Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч: 200 сая ам.доллароос дээших дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байна. Энэтхэгийн зээлийн хөрөнгөөр төмөр замын төслийг санхүүжүүлэхээр зээлийн хэлэлцээрт тусгаж, 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан гэлээ. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрийн ХЭЛЭЛЦЭЭРЭЭР: хэсгийн (i) -д “...төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцсон. Зээлийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороодын хуралдаанаар зөвшилцөн, Ерөнхий сайдын 57 дугаар захирамжийг үндэслэн 2017 он дөрөвдүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурж байгуулаад байна. Энэхүү хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2- т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи ...” гэрээ тул Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулахаар Хуулийн төсөл, Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ. Төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Г.Занданшатар энэхүү гэрээг соёрхон батлах нь Монгол Улсад эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой, зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийг холбогдох яам, байгууллагууд сайн боловсруулах, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үнэлгээг хийхдээ тулгамдах асуудлуудыг нухацтай судлан үзэх хэрэгтэй гэсэн саналыг тус тус гаргажээ. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт- Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний нийт хэрэглээний 84 орчим хувь нь төвийн бүсэд байгаа учир дээрх зээлээр санхүүжүүлэн барих газрын тос боловсруулах үйлдвэрийн байршил төвийн бүсэд байх шаардлагатай гэж үзсэн байна. Түүнчлэн шинээр байгуулагдах үйлдвэрийн цахилгаан эрчим хүч, усны хэрэгцээг хангах боломжтой, төмөр зам, автозамын дэд бүтцийг нь харгалзан Сайншанд суманд байгуулах нь зүйтэй хэмээн тооцсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


Мөн тэрбээр газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ болон холбогдох шийдвэр, тус үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийн талаарх тооцооллын талаар танилцуулсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжиж байгаа хэдий ч үүн дээр нухацтай судалгаа, тооцоотой хандах ёстой, Энэтхэгийн тал үүнийг зөвшөөрөх эсэх, мөн дотоодын нефть олборлолтын хүртээмжийг харгалзан нарийвчилсан тооцоолол хийх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийллээ. Мөн тэрбээр дутуу, буруу тооцооллоос болоод газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад дахиад ихээхэн хэмжээний санхүүжилт дутах асуудал үүсэхээс болгоомжлох нь зүйтэй гэдэг анхааруулгыг хэлж байв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Зээлийн ерөнхий хэлэлцээр болон энэ хүрээнд Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрбээр холбогдох газрууд газрын тос олборлолттой холбоотой хууль тогтоомжоо хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа. Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлагдлаа.

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон баталлаа

Дараагаар нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд  Б.Чойжилсүрэн, төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа.


Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2013-2017 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай 2017 онд хамтран ажиллах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг 2017 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр байгуулжээ. Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох юм. Хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Уг асуудлыг хэлэлцүүлэхэд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Ж.Энхбаяр нар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Оюундарь, Г.Занданшатар, Ж.Энхбаяр нар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр батлагдсан тохиолдолд “Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг хувьчлах асуудлыг Засгийн газраас татан авах, эсхүл зээлээр хийж гүйцэтгэх ажлын өртгийг нэмж, тооцсоны үндсэн дээр хувьчлах, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Я.Санжмятав нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн задаргааг тодорхой болгож, үргүй зардлуудаа танах, УИХ-аар батлагдсан Залуучуудын хөгжпийг дэмжих тухай хуулийн үзэл баримтлал, түүнчлэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн техник тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, багш боловсон хүчнийг мэргэшүүлэх зэрэг бодлогын асуудлуудаа дэмжих чиглэлд зээлийн хөрөнгийг зарцуулах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан болохыг танилцуулав. Түүчнлэн хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг энэхүү төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гадаадаас авч буй зээлүүд үр ашиггүй байдагт дүгнэлт хийн, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг бизнес аж ахуйг дэмжих, цаашлаад тэдгээрийг хөрөнгийн зах зээлд гарах бололцоог дэмжихэд гаднын зээл, тусламжийг зарцуулах нь зүйтэй гэлээ. Ийнхүү Байнгын хорооны саналаар уг зээлийн хэлэлцээрийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувийн саналаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлав. 

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Нэгдсэн хуралдаанаар дараа нь Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Хууль зүйн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан саналуудыг хэлэлцсэн байна. Ингээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор заавал хянах, баривчлагдсан, түр саатуулагдсан, хоригдож байгаа этгээдтэй прокурор биечлэн уулзах, эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор гэм буруугийн талаар дүгнэлт гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гэсэн нэр томьёог холбогдох хуульд нийцүүлж төсөлд тусгах саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд гаргасан байна. Түүнчлэн харуул хамгаалалтгүй болон гэрээгээр ажиллах хоригдлын материалыг хянаж, зөвшөөрөл олгох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх ажиллагаанд прокурорын хяналтыг төсөлд шинээр нэмж тусгах зэрэг санал гаргасан гэлээ. Тиймээс Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн томьёолсон байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн гараагүй юм. Тиймээс Хууль зүйн байнгын хорооноос бэлтгэсэн томъёолсон зарчмын зөрүүтэй 15 санал, дагалдах хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Лхагва гарагийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.


Хууль зүйн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн гэлээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан. Үүний дараа харъяалах байнгын хорооноос бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй 60 санал, хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 1 саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав

Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа.


Тус байнгын хороо энэ сарын 31-ний өдрийн хуралдаанаараа дээрх УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг УИХ-ын дээрх тогтоолын төсөлд бүрэн тусгасан байна. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр төсөлд тусгахаар санал хурааж шийдвэрлэсэн тогтоолын төслийн хавсралтад жижиг дунд үйлдвэр, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг үндсэн чиглэлд тусгах 100 тэрбум гэсэн зорилт, арга хэмжээг төслөөс хасах санал Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэн аж. Ийнхүү нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Тогтохсүрэн, Б.Батзориг, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва болон Ажлын хэсгээс хариулт авсан. Ийнхүү Байнгын хорооноос бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-05-31 19:05

Хуралдааны тов